УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдана Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, “Олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг хуулиар хязгаарлах нь нэг талаас түүнд өртөж, цахим гэмт хэргийн хохирогч болж байгаа хувь хүн, нийгмийн бүлгүүдийн эрхийг хамгаалж байгаа мэт боловч нөгөө талаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлахгүй байх ёстой. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ИБУТЭТОУП)-ын Пактын 20 дугаар зүйлийн хоёрт “Алагчлан дайсагналцах болон хүчирхийллийг өдөөн турхирдаг үндсэрхэх үзлээр, арьс үндсээр болон шашин шүтлэгээр үзэн ядах байдлыг дэмжсэн аливаа ухуулга сурталчилгааг хуулиар хориглоно” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлах бөгөөд тухайн хязгаарлалт нь дараах зарчмыг хангасан байх шаардлагатай.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүний эрхийг хязгаарлахад баримтлах 6 зарчим:
1. Хүний эрхэд тавьж буй аливаа хязгаарлалтыг хуульд тодорхой заах;
2. Хязгаарлалт нь үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, эсхүл нийгмийн дэг журам гэсэн ашиг сонирхлыг хамгаалах;
3. Хязгаарлалт нь хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад тохирсон (зайлшгүй) байх;
4. Үндсэн эрхийн аль болох эдлүүлэх;
5. Ялгаварлан гадуурхахгүй байх;
6. Хараат бус шүүхээр хянагддаг байх.
Хүний эрхийг хязгаарласан аливаа арга хэмжээ хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан уу, үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам гэсэн чухал ашиг сонирхлыг хамгаалахад тохирсон уу зэргийг шүүхээр хянуулах гэсэн агуулгатай.
6.1. Төслийн 6 дугаар зүйлд: “хүнийг заналхийлсэн”, “залилсан”, “уриалсан”, “сурталчилсан” гэх мэт гэм буруутай үйлдлүүд нь Үндсэн хуульд заасны дагуу зөвхөн шүүхийн нотлох ёстой асуудал бөгөөд ийнхүү аливаа нэгэн байгууллагад тэрхүү эрх хэмжээг шилжүүлж байгаа нь хараат бус шүүхээр хянагддаг байх зарчимд нийцэхгүй байгаа юм.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 21.2.8-д нэмэлт өөрчлөлт оруулж Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.7-д заасан агуулга бүхий зөрчилтэй контентыг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авах бөгөөд уг арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг ХЭҮК-н саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөл тогтоох” гэсэн заалт нь цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэхийг улс төрийн зорилгоор хаах, хязгаарлах үндэс болох вий гэсэн болгоомжлол төрүүлж байна” хэмээв.