Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өчигдөр /2022.10.17/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагаа, цар тахлаас үүдэлтэй хилийн боомтын хорио цээрийн асуудал, газрын тосны бүтээгдэхүүн болон тэсэрч дэлбэрэх бодисын нийлүүлэлтийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Ж.Ганбаатар хилийн боомтын хорио цээрийн улмаас уул уурхайн салбарт хэрэглэгддэг бараа, материал, түүхий эд, бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлтэд хүндрэл учирсан хэвээр байгааг дурдаад цаашид боомтын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд БНХАУ-ын талтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай албан уулзалтуудыг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн БНХАУ-аас нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх, уурхайн үйлдвэрлэлд шаардлагатай тэсэрч дэлбэрэх бодис болон бусад урвалжийн нийлүүлэлтийн явцыг хөнгөвчлөхөд хамтран ажиллах саналтай байгаагаа дурдлаа.