Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2022.10.12/ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, түүний харьяа Чулуун дээжийн сан болон Геологийн төв лаборатори, Геологийн судалгааны төв /хуучин нэрээр/-ийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтаар сайд дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, ажлын явц, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, салбарын бодлого, шийдвэрийн талаар, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.
Тэрээр, эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын экспортын 94 хувийг дангаараа хангадаг, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг, улсын эдийн засагт чухал ач холбогдолтой салбар учир хийж буй ажлынхаа үр дүнг хэмждэг байх, үр бүтээмжтэй ажилладаг байхыг албан хаагчдад сануулаад тулгамдаж буй асуудлууд болон ажилчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдлээ.