МЕТАЛЛУРГИЧДЫН УУЛЗАЛТ – 2022

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК нь “Металлургичдын уулзалт-2022” уулзалт, хэлэлцүүлгийг “Монгол ган цогцолбор I” төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулж, цаашдын хамтын үйл ажиллагааны хүрээнд үйлдвэр, металлургийн холбоо төрийн бус байгууллага, их дээд сургуулийн боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа оролцоог нэмэгдүүлэх, дэмжин ажиллах зорилгоор 2022 оны 10 сарын 5-нд зохион байгууллаа.

Тус металлургичдын уулзалтад “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ариунболд, Уул уурхай Бодлогын газрын дарга Н.Батбаяр, Захиргааны Удирдлагын газрын дарга Г.Ганболд, хэлтэс, албаны дарга, инженер техникийн ажилтнууд болон компанийн анхны дарга С.Ганжууржав, Металлургичдын Холбооны тэргүүн Ц.Мөнхжаргал, Металлургийн тогтвортой хөгжил, өрсөлдөх чадвар ТББ-ын гүйцэтгэх захирал Ш.Лхагвадорж, төрийн бус байгууллагын гишүүд, Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн дэд захирал Б.Эрдэнэболд, Уул уурхай эрчим хүчний политехникийн коллежийн захирал Д.Чадраабал, мэргэжлийн багш нарын төлөөлөгчид оролцлоо.

Металлургичдын уулзалтаар “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн Монгол Ган цогцолбор төсөл, ШУТИС, УУЭХПКоллеж, Металлургийн тогтвортой хөгжил, өрсөлдөх чадвар ТББ-ын илтгэлүүд тавигдсан.

Мөн Монгол Ган цогцолборын төслийн хүрээнд үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтан, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага их дээд сургуулиуд металлургийн үйлдвэрлэлийн техник технологийг сайжруулах, төсөл хөтөлбөрийн хүрээнд хамтран судалгаа, шинжилгээ хийх, металлургийн чиглэлийн инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад болон дотоодын их дээд сургууль, коллежид сургах, үйлдвэрлэлийн мэргэжил олгох сургалтыг хамтран зохион байгуулахыг уулзалтад оролцогч талууд санал нэгтэй дэмжин хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санаачилгатай, идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт боллоо.