Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй сонсол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 15 компанийн мэдээллийг сонсож байгаагийн нэг нь "Эрэл" ХХК юм. Тус компани нь Байшин үйлдвэрлэх комбинат төсөлдөө Хөгжлийн банкнаас гурван удаа нийт 127 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч өнөөдөр зээлийн хугацаа нь дууссан ч эргэн төлөлтөө хийгээгүй байна. Зээл нь хүү болон алдангитайгаа нийлээд өнөөдрийн байдлаар 203 тэрбум болжээ. Гэтэл барьцаа хөрөнгө нь зээлийнх нь 29.7 хувлтай л дүйцэхээр байгаа ажээ.
"Эрэл" ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат зээлээ яагаад эргэн төлөөгүй талаараа тайлбар хэлэхдээ "Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүйн улмаас өнөөдөр ийм байдал үүссэн. Гэхдээ үйлдвэр ажиллаж байна. Бид зүгээр суугаагүй. Улаанбаатар хот болон НОСК, Германы хамтын ажиллагаатай хамтраад Тахилтын аманд цэцэрлэг, хоёр давхар таун хаусыг эхний ээлжийн 20 барилгыг хүлээлгэж өгсөн. Цар тахлын үед хугацаа алдлаа. Үйлдвэр ажиллахад бэлэн өвөл, зунгүй ажиллана. Сүүлийн таван жил зогсонги байдалд байлаа. Хэрэв энэ хугацаанд ажилласан бол Улаанбаатар хотын гэр хорооллын 40 хувийг барилгажуулж, 40 мянган яндан, 40 мянган нүхэн жорлонг бодитойгоор байхгүй болгох байсан" гэлээ.