Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн долоо хоногуудад дараалан өсч байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж орны ачаалал эрс нэмэгдлээ. амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүмүүсийн 89 хувийг 15 хүртэлх насныхан, тэр дундаа дөрөв хүртэлх насныхан 70 орчим хувийг эзэлж байгаа юм. Мөн хүүхдээс гадна 25-40 насныхны дунд томуугийн өвчлөл өндөр байна.
Амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь мөн 15 хүртэлх насныхан байна. Энэ удаагийн томуугийн өвчлөл бага насны хүүхдүүдийн дунд өндөр байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстой. Вирусийн тандалтаас харвал томуугийн H1N1, А хүрээний H1N1, томуугийн В хүрээний вирус зэрэг давхар орчилд байна. Томуугийн В вирусийн тухайд тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд хүндрэл их үүсгэж, эдгэрэх явц удаашралтай байна.