Зөрүүтэй мэдээллээ шинэчлүүлээд хүүхдийн мөнгөө нөхөн авах боломжтой

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Цахим харилцаа, холбоо хөгжлийн яам хамтран Үндэсний статистикийн хороон дээр мэдээлэл хийж байна. Мэдээллийн зөрүүтэй байдлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр мэдээлэл өглөө. Тэрээр “Төрийн таван байгууллагын мэдээлэлд үндэслэж байгаа. Үндэсний статистикийн хорооны хүн ам, өрхийн мэдээллийн сан, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын 12 үзүүлэлтээр өрхөө үнэлсэн. Зарим өрхүүдэд төрд байгаа мэдээллээ шинэчлэх зайлшгүй шаардлага байх шиг байна. Мэдээлэл зөрүүтэй байна гэсэн асуудал гарч байна. Мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн бол засуулах, залруулах бүрэн боломжтой. Ам бүлийн хувьд зөрүүтэй байх юм бол баг, хорооны засаг даргад очиж өөрчлөх боломжтой. Машинтай холбоотой мэдээлэл зөрүүтэй бол Автотээврийн үндэсний төвд хандах боломжтой. Мэдээллээ засварласны дараа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар өрхийн амьжиргааг дахин тооцож, хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломжтой.  “Emongolia”, “ehalamj.mn” сайтаар хүсэлтээ өгч болно. Тухайн байгууллагад биечилж очиж хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Төр иргэний хувийн мэдээллийг шууд засах боломжгүй. Тиймээс иргэд өөрсдөө харьяа байгууллагад хандах хэрэгтэй. Зөрүүтэй мэдээллээ шинэчлүүлээд, орлогоо тооцоолуулж хүүхдийн мөнгөө нөхөн авах боломжтой” гэлээ.