Улаанбаатарын нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж 117 шинэ автобус авчраад байгаа. Ирэх сард 107 автобусыг авснаар нийт 224 шинэ автобустай болохыг албаныхан мэдээлээд буй. Харин эдгээр автобусыг ямар үнээр авсныг ил болгохыг олон нийтийн сүлжээгээр иргэд шаардаж байсан. НЗДТГ-аас шинэ автобусны үнийг нийтэд зарлажээ.
Тодруулбал, БНХАУ-ын “Xiamen Golden Dragon” үйлдвэрээс шинэ автобусыг нэг ширхгийг нь 561,081 юань буюу 265,300,000 төгрөгөөр авчээ. Ингэснээр 224 автобусыг 59.5 тэрбум төгрөгөөр гэрээлсэн байна. Эрээн хотоос автобуснуудыг зөөж авч ирэх зардал нь 11,825,000 төгрөг.Автобус худалдан авах тендерт БНСУ, БНХАУ-ын нийт долоон компани саналаа ирүүлснээс хамгийн хямд үнэтэйг нь сонгосон гэв.
Энэ долоо хоногт эхний 30 шинэ автобусыг техникийн хяналтад оруулан үйлчилгээнд гаргасан бол үлдсэнийг нь Лхагва, Баасан гарагт явуулах аж.
Шинэ автобусны техникийн үзүүлэлтүүд:
Евро стандартын шаардлага хангасан, 8,400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй
Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон
Хажуу цонх нь нэг комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар вакум шилтэй, гулсаж онгойдог
Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй
Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай
Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай
Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй
Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан
Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай юм байна.