Б.Мөнхтөр: Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авсан уу гэх асуултад хариулах боломжгүй

Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд өнөөдөр болж байна. Энэхүү сонсголд 11 компанийн Хөгжлийн Банкны зээлийн асуудалд 65 гэрч оролцож байгаа юм.

Одоогийн байдлаар гурван сая орчим дансыг данс хөөх аргаар шалгаж, зээлийн санхүүжилт зориулалт ёсоор зарцуулсан эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргаад байгаа. Тухайлбал  Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийн нэг “Бэрэн групп”-тэй холбоотой  зээлийн  зарцуулалтын асуудал анхаарал татаж байв.

Тодруулбал,  “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр 1.5 сая ам.долларыг зузаатгал нэрээр хувийн дансандаа шилжүүлж, нийт 7.2 сая ам.долларыг зориулалтын бусаар ашигласан” гэх дүгнэлт гарчээ.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Таны хувийн данснаас 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө гарсан байна. Та мөрийтэй тоглоом тоглодог уу? гэх асуулт тавьсан.

Дээрх асуултад “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр : Би мөрийтэй тоглодоггүй учир шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй. Шүүх дээр бүх гүйлгээгээ баримтаар нотлох болно. Энэ асуултад хариулах боломжгүй” гэлээ.