Хөгжлийн банкны өр барагдуулах ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Эрүүгийн журмаар 42 компанийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргасан
Хөгжлийн банкнаас 2022 онд Эрүүгийн журмаар 42 компанийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргасан бөгөөд хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргүүдийг багцлан эхний 20 зээлийн хувийн хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, уг багцалсан 20 хэргийг прокурорт шилжүүлээд байна.
620.9 тэрбум төгрөгийн зээлийн өр төлбөрийг шүүхээр эцэслэн шийдвэрлээд байна
Иргэний журмаар чанаргүй зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр хуулийн байгууллагаар 2018-2022 оны хооронд 38 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөгийн нэхэмжлэл гаргаж шүүхэд хүргүүлсэн. Үүнээс 22 зээлийн 620.9 тэрбум төгрөгийн зээлийн өр төлбөрийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүллээ. Тодруулбал, “Мондулаан трейд” ХХК – 19.3 тэрбум төгрөг, “Шанх майнинг” ХХК – 7.6 тэрбум төгрөг, “Петролиум продакшн” ХХК – 12.3 тэрбум төгрөг, “Бэрэн групп” ХХК, Барилга – 43.9 тэрбум төгрөг, “Монгема” ХХК – 13.9 тэрбум төгрөг, “НВЦ” ХХК – 74.9 тэрбум төгрөг, нийт 6 зээлийн 171.9 тэрбум төгрөгийн зээлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлээд байна.
Хөгжлийн банкнаас 16 төсөлд олгосон зээлийг бүрэн төлж, хаасан
Зээлийн эргэн төлөлтийн бэлэн мөнгөөр, бондоор, хөрөнгөөр гэсэн 3 төрлөөр төлүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдсан.
2022.01.20-ноос 2022.12.30-ны өдрийг хүртэл хугацаанд “Болор шүр” ХХК-ийн 1.1 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр төлбөрт тооцон авсан, “Ган-хүдэр орд” ХХК-ийн 3.1 тэрбум төгрөг, Чингис хаан банкны 245.0 сая төгрөг, ТОСК-ийн “Шинэ яармаг” төслийн 86.2 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 1.9 тэрбум төгрөгийг нь бэлэн мөнгөөр тус тус барагдуулаад байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хууль хяналтын байгууллагатай хамтран хэлцэл хийх замаар “Кью Эс Си” ХХК-ийн 191.2 тэрбум төгрөгөөр зээлийн эргэн төлөлтийг хангуулсан.
Хөгжлийн банкнаас Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан зээлдэгчийн барьцаа хөрөнгө, үйл ажиллагааны орлого, бусад хөрөнгүүдийг битүүмжлэх хүсэлтийг шүүхэд гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 13 зээлдэгчийн барьцаа хөрөнгө, холбогдох бусад хөрөнгө, дансыг битүүмжилсэн байна.
Шүүхийн шийдвэрээр эцэслэсэн зээлдэгчийн өр төлбөрийг тухайн зээлдэгчийн төлбөрийн чадвар, төслийн нөхцөл байдлыг харгалзан зээлийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр зээлийн өр төлбөрт тооцон банкны өмчлөх бусад үндсэн үл хөдлөх хөрөнгөд шилжүүлэн авах, хэлцэл байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Уг ажиллагааны хүрээнд 4 зээлийн 172.3 тэрбум төгрөгийн өр төлбөрт ногдох хөрөнгийг банк ӨБҮХХ-д шилжүүлсэн авсан. Үүнд ТОСК – “Шинэ яармаг” төслийн 84.3 тэрбум төгрөг, Капитал банкны 54.4 тэрбум₮, “Монгол мах экспо” ХХК-32.4 тэрбум₮, “Болор шүр” ХХК -1.2 тэрбум₮ зэрэг багтаж байна.
Нэг жилийн хугацаанд 1.08 их наяд төгрөгийн өр төлбөрийг барагдууллаа
Банк нь 2022 онд 1.08 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлүүлсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 53 зээлдэгчийн нийт 2.6 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Чанаргүй зээлийн ангилалд 35 зээлдэгчийн 1.5 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Өнгөрөгч 2022.12.31 – 2023.01.10-ны өдрийн хооронд НВЦ ХХК-238.4 сая төгрөг, Бэрэн групп ХХК-13.0 сая төгрөг, нийт 251.4 сая төгрөгийг төлүүлсэн.
Тухайн хугацаанд:
БГД -ийн ИХАШШ-ээс МБҮ трейд ХХК-иас 61.5 тэрбум төгрөгийг МУХБ-нд олгохоор шийдвэрлэсэн.
Нийслэлийн захиргааны хэргийн магадлалын шатны шүүхээс Пирамид Орд ХХК-д хамаарах шүүхийн маргааныг анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэсэн.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд “Дэд бүтэц инженеринг” ХХК-д холбогдох шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
“Энсада-Истерн” ХХК-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээнд Банкны зүгээс гаргасан гомдлын шүүх хурал товлогдсон хэдий ч шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсан үндэслэлээр хойшилсон.
“Монпеллетс” ХХК-нд холбогдох Иргэний хэргийн шүүх хурлын хариуцагчийн гомдлын шүүх хурал хуралдаж барьцаа хөрөнгийг битүүмжлэлтэй хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
БГД-ийн ИХАШШ-дээр товлогдсон Хөтөл ХХК-ын шүүх хурал хойшлогдсон.
Эх сурвалж: Хөгжлийн банк