-Ашиггүй мэдээллийг үнэ цэнэтэй болгодог "Big Data"-н нэг жишээ бол Facebook юм-
Австралийн RackCorp компанийн үүсгэн байгуулагчдын нэг, сүлжээний үйл ажиллагааны төвийн захирал, IT СТЕФЕН ДЕНДТЛЕР-тэй дата мэдээлэл, өгөгдөлийн аюулгүй байдлын талаар ярилцлаа. RackCorp компани нь Австрали, Сингапур, Хонгконг, АНУ, Их Британи, Герман зэрэг дэлхийн 23 улсад салбартай бөгөөд Мэдээлэл, Технологийн дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч компани билээ.
-Мэдээллийн эрин зуунд өгөгдөл буюу дата хамгийн чухал зүйлд тооцогдох болжээ. Аливаа хувь хүн болон албан байгууллага, компани бүх мэдээллээ онлайнд байршуулж, найдвартай хамгаалалтыг чухалчилдаг болсон байна. Нэг үе мөнгөтэй хүн хүчтэй гэдэг байсан бол одоо дата мэдээлэлээ аюулгүй хадгалж буй хувь хүн албан байгууллага бүр цаашлаад улс орон хүчтэй гэдэг ойлголт газар авч байна. Ер нь мэдээлэлд суурилсан шийдвэр, баялагууд бий болчихсон бололтой. Тэгэхээр өгөгдөл буюу датагийн ач холбогдлыг тайлбарлаж өгөөч?
-Өгөгдөл буюу дата гэдэг нь маш том цар хүрээтэй, олон төрлийн зүйл. Зарим тохиолдолд өгөгдлүүдийн үнэ, цэнэ нь бүтээгдэхүүний үнэ цэнэ байдаг. Тухайлбал, урамшууллын карт, банкны үлдэгдэл, даатгалын бодлого зэрэг мэдээллийг хадгалах сан гэх мэт. Бусад тохиолдолд энэ нь арай ойлгомжгүй харагддаг. Сүүлийн 15 жилийн туршид "Big Data" гэж нэрлэгдэх системийг бүтээхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Эдгээр тогтолцоо нь харьцангуй бага болон "ашиггүй" мэдээллийг хэсэгчилсэн байдлаар эргүүлэн үнэ цэнэтэй мэдээлэл болгох, заримдаа мэдээллийг удаан хугацаагаар бүртгэдэг. Эсвэл логикийн хувьд олон тооны жижиг мэдээллийг нэгтгэн нэг бүхэл - ашигтай мэдээлэл болгодог. "Big Data"-н нэг жишээ бол Facebook юм. Тэд таны болон таны найзуудыг хэрхэн өөрсдийн хувийн профайлаа бүтээж буй байдал, таны юунд дуртай эсвэл дургүй болон ямар вебсайт руу хандаж буйд байнга анализ хийж байдаг. Бүтээгдэхүүнээ сурталчлах сонирхолтой хувь хүн албан байгууллагад зар сурталчилгаагаагаа зорилтот бүлгийн хэрэглэгчдэд нь хүргэхэд тухайн хүний хувийн профайл дата мэдээлэл нь маш өндөр үнэтэй, чухал ач холбогдолтой дата болно гэсэн үг юм.
Илүү ойлгомжгүй жишээ гэвэл фермийн томоохон дата ашиглах. Энэ нь "нарийвчилсан хөдөө аж ахуй" гэж нэрлэдэг дэд салбарыг бүхэлд нь бүтээх, үйлдвэрлэх явдал юм. Энэ салбар нь хөрсний хэмжилт, температур, цаг агаарын урьдчилсан мэдээ, фермерүүдэд ус, пестицидийг илүү үр дүнтэй ашиглах боломж олгохын тулд олон тооны мэдээллийг хослуулсан байдаг. Дунджаар энэ өгөгдөл нь ордоогийн зардлыг 20-25 хувиар бууруулж, ижил хэмжээний талбайд 10 хувь илүү ургац өгөх үр дүнтэй. Саяхан газар тариалангийн статустай бүх улсын олон зуун фермерийн мэдээллүүдийг нэгтгэж Big Data болгон хөрөнгө оруулалтын болон хөрөнгийн зах зээлийг улам боловсронгуй болгох, мөн засгийн газрын төсөвлөлт, зарцуулалтад нөлөөлөхөд анхаарлаа төвлөрүүлж байна. Энэ бол энгийн хэмжигдэхүүнүүд нь шууд эдийн засагт нөлөөлж байгаа болон өөр өөр хүмүүст хэрхэн үнэ цэнэтэй байж чухал ач холбогдол дагуулж буйг харуулах нэг жишээ юм.
-Танай компани Монгол Улсад шинэ салбараа нээсэн юм билээ. Хэр амжилттай ажиллаж байгаа вэ.Таны анзаарч харснаар манай улсын хувьд мэдээллийн аюулгүй байдал нь ямар нөхцөлд байна вэ. Найдвартай хамгаалалтад байж чадаж байна уу?
-RackCorp 2017 онд Монголын компаниудтай холбоо тогтоож, харилцаж эхлэсэн. Ингээд харж байхад монголчууд болон Монголын компаниуд ухаалаг, үр дүнтэй зүйлсийг хийх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь анзаарагдсан. Бидний уулзалт, хэлэлцүүлгийн үеэр бага төсвөөр, үр ашгийг нэмэгдүүлэх хүсэлтэй Монголын зарим тэргүүлэгч компаниуд олон улсын клауд компаниудад ханддаг тухайгаа хэлж байсан.
Гэвч хүссэн үр дүнгээ авч чаддаггүй, үйлчлүүлэгч компанидаа болон Монгол Улсад ээлтэй байгаагүй нь харагдсан.
Энд нэг зүйлийг хэлэхэд эдгээр гадаадын компаниуд болон тус улсын Засгийн газар нь тухайн орон нутгийн эдийн засагт маш бага хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд эдгээр компаниудаас олж авсан мэдээллээ өөрсдийн давуу тал болгон ашиглахыг эрэлхийлдэг сөрөг талтай. Монголын жижиг компаниудын хувьд имэйлээ гадаад оронд байрлуулах нь хэцүү шийдвэр биш байж болох ч олон компаниуд ийм сонголт хийснээр big data анализ болон тэдний имэйл дахь мэдээллийг ашигладаг. Тийм IT компаниуд болон бусад засгийн газруудад Монголын компаниудын болон Монгол Улсын ерөнхий датаг авч эзэмшсэнээр ихээхэн ач холбогдолтой, урт хугацаанд маш том давуу тал нь болно гэсэн үг юм.
АНУ, Хятад, ОХУ-ын компаниудад өөрсдийн компанийн чухал мэдээллийг тавьдаг, хостинг хийлгэдэг боловч зарим компаниуд алдаагаа хурдан ухаарч, энэ асуудлыг нэн даруй засахыг хүсч, дараагийн зөв шийдвэрээ болгоомжтой гаргаж буйг бид олонтоо харсан. Хэдийгээр би Монгол улсын мэдээлэл, дата ньаюулгүй гэж хэлж чадахгүй байгаа ч Монголын засгийн газар болон орон нутгийн бизнесийн бүлгүүдээс бүс нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалт сайн хийж маш хурдацтай хөгжиж байгаа нь бусад олон улс оронтой харьцуулахад харьцангуй хурдацтай явагдаж байна.
-Дата мэдээллээ ашиглан, байгууллагууд ирээдүйн чиг хандлага, улс орон хөгжлийнхөө замыг хүртэл сонгодог болчихоод байна уу?
-Олон жилийн явцад маш олон үйлдвэр, бизнесүүдийн бизнес модель нь ижил төстэй болж хувирах буюу ийм байдал руу шилжиж байна. Энэ нь ихэнхдээ компанийн арилжааны давуу тал нь зөвхөн тэдний үйл ажиллагаа хэрхэн автоматжуулсан болон ямар үр дүнтэй байгааг хэмжихээс хамаардаг. Клауд үйлчилгээг ашиглах нь компаниудад зөвхөн өөрсдөдөө хэрэгцээтэй, шаардлагатай байгаа Мэдээлэл технологийн дэд бүтцийг ашиглах, хэрэглэснээрээ л төлбөрөө төлөх боломжийг олгодог. Клауд тооцооллын эрэлт хэрэгцээ нь зардлаа шууд бууруулах, бизнесийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Хамгийн чухал нь компанийн өрсөлдөөний гол зах зээлийг гуравдагч талын технологийн үйлчилгээ үзүүлэгчид хадгалж байдаг тул энэ гуравдагч этгээдийг сонгоход ихэд болгоомжтой хандах ёстой гэсэн үг юм. Дэлхийн хэмжээнд хамгийн их олонд танигдсан оюуны өмчийн хулгайн довтолгоо буюу хакердан датаг нь хулгайлах, дээрэмдэх явдал нь үйлдвэрлэл, уул уурхай, батлан хамгаалах, технологийн салбарт түлхүү явагдаж байна. Хэрэглэгчийн мэдээллийн бааз, үнийн жагсаалт, програм хангамж хулгайлах нь хулгайч нарт чухал ач холбогдолтой бөгөөд дараа нь энэ мэдээллийг өрсөлдөгчдөд эсвэл зарим тохиолдолд засгийн газруудад зардаг. Хэрвээ өрсөлдөгч компаниуд тань танай бүх үйлчлүүлэгч компани, хувь хүмүүс, хэрэглэгчдийн нэрс болон санхүүгийн мэдээллийг гартаа оруулчихвал яах вэ? Тиймээс компаниуд өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Та бүхэн компанийнхаа дата буюу өгөгдлийг хэрхэн хамгаалах талаар сонголт хийхдээ хангалттай цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж байна уу гэдгээ анхаарч үзэх хэрэгтэй.
-Ирээдүйд датаг сайн хөгжүүлэхгүйгээр дайны үеийн байдалтай байвал ямар сөрөг үр дагаварууд гарах вэ?
-Засгийн газар нь энгийн иргэдийн маш их хэмжээний эмзэг дата, мэдээллүүдтэй байнга холбогддог тул хакеруудад мөнгө олох хамгийн амттай бай нь болдог. Энэ нь татвар, орлогын, эрүүл мэндийн мэдээлэл, эд хөрөнгийн эзэмшлийн байдал, иргэдийн мэргэжлийн онцлог, жагсаалт болон бусад зүйлс байж болно. Засгийн газрын дата, мэдээлэл болон тэндээс гаргасан шийдвэрүүдийн үнэ цэнэ нь компаниудын гаргасан шийдвэрээс ихээхэн өөр, маш өндөр түвшний аюулгүй байдал шаардсан цар хүрээ асар том байдаг. Энэ нь засгийн газрын дотоод мэдээллийг олж авахад санхүүгийн асар их хөшүүрэг хамт дагалдаж байдаг юм. Тухайн мэдээллийг ашиглан бодлогын шийдвэр гаргахад нөлөөлөх, Үндэсний баялаг болон худалдааны зохицуулалтад өөрсдөдөө ашигтай үнийг шаардах зэрэг. Энэ нь Монгол Улсын цаашдын бизнесийн хүчийг сулруулна гэсэн үг юм. Дэлхий даяар олон орны засгийн газар нь дата, мэдээллийнхээ үнэ цэнийг мэддэг бөгөөд засгийн газрын байгууллагууд мэдээллийн нөөцийг хаана хадгалах эсэх тал дээр хатуу тогтолцоотой байдаг. Бараг л Засгийн газруудын дата мэдээлэл нь тухайн улс орондоо маш найдвартай аюулгүй орчинд хадгалагдах ёстой гэж шаарддаг. Төрийн албан хаагчдад зориулсан аюулгүй - найдвартай систем ашиглах, ажлын байран дээр gmail эсвэл yahoo email гэх мэт имэйл акаунт ашиглахгүй байх талаар дотоодын боловсрол олгох компанит ажил болон маш нарийн хүчтэй бодлоготой байх нь чухал юм. Энэ нь тухайн үндэстний чухал мэдээллийг аюулгүй байхтай холбоотой маш ноцтой асуудал юм. Олон улсын Клауд системийг (тухайлбал, Gmail болон yahoo гэх мэт) буруу хэрэглэдэг нь ижил төстэй үйлчилгээнүүд тухайн орон нутагт байхгүй байсантай эсвэл нэлээд хоцрогдож байсантай холбоотой юм.
-Танай компанийн хувьд дэлхийн хэдэн улсад ямар салбаруудтай вэ. Ер нь ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ?
-RackCorp нь Австралийн эзэмшлийн Мэдээлэл Технологийн дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч компани бөгөөд дэлхийд хамгийн найдвартай, хамгийн аюулгүй, хамгийн итгэлтэй Клауд дэд бүтцийг бий болгох тодорхой зорилготойгоор байгуулагдсан. Бүр энгийнээр хэлбэл, бид глобал бизнесүүдэд аюулгүй, тогтвортой үйлчилгээг үзүүлсээр энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Бид энэ жил 23 дахь байршлаа албан ёсоор Монгол Улсад байгуулсан бөгөөд аюулгүй и-мэйлийн хостинг шийдэл, Клауд сервер, нөөцийн (backup) үйлчилгээ, DDoS хамгаалалт, ёс зүйтэй халдлага, програмын аюулгүй байдал, фишинг урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын боловсрол болон аюулгүй байдлын үйл ажиллагаанууд, тусгай зориуллалтын серверүүд, олон төрлийн Клауд шийдлүүдийг санал болгож байна. Мөн бид маш чухал мэдээллийг агуулсан засгийн газар, бизнесийн байгууллагуудад зориулсан маш нарийн мэргэжлийн аюулгүй байдлын үйлчилгээг үзүүлдэг. Манай компани Австрали, Сингапур, Хонконг, АНУ, Их Британи, Герман болон өөр хэд хэдэн оронд салбартайгаар үйл ажиллагаа явуулах шаардлага бүхий компаниудтай нягт хамтран ажиллаж байна.
-Аливаа улс, байгууллага мэдээллийн сангаа өөр, өөр газарт хадгалах нь зөв үү?
-Монголын компаниуд дата, мэдээллээ уламжлалт байдлаар буюу өөрсдийн ажлын байран дээрээ хадгалдаг юм билээ. Хэдийгээр энэ нь тэдэнд тухайн цаг мөчдөө болж байгаа мэт боловч цаашид урагшлахад болон өргөжин дэвжихэд сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчийнхтэйгээ адил технологийн үр ашгийг мэдрэхгүй эцэст нь тэд өөрсдийн салбартаа өрсөлдөх чадваргүй болох болно. Клаудын үр ашиг асар их тул дэлхийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд компанийн технологийг Клауд руу оруулах гэж хичээцгээж байна. Харамсалтай нь зардлыг багасгахыг хэт яарснаас үүдэн аюулгүй байдал алдагдсан байдаг. Компаниуд өөрсдийн дата буюу өгөгдлийг Клауд систем рүү шилжүүлэх талаар бодож үзэхээсээ өмнө ямар төрлийн дататай байгаагаа сайтар судалж, дүн шинжилгээ хийхийг зөвлөж байна. Мэдээллүүдээ бүлэг болгон хувааж, ангилах нь зүйтэй. Тэд өөрсдийнх нь ямар төрлийн дата нь хамгийн нууцлал өндөртэй байх ёстой эсвэл тухайн дата алдагдсанаар, хакердуулснаар тухайн компанид ноцтой хохирол учруулж болзошгүй талаар дүн шинжилгээ хийж үзэх шаардлагатай. Өгөгдөл буюу дата мэдээллээ ангилж үзсэний дараа тэдгээрийн аль хэсгүүдийг аюулгүй орчинд тусгайлан хадгалах - аюулгүй байдлыг хамгаалах, аль нь дотооддоо хадгалах ёстой, мөн гадаадад алийг нь байршуулах шаардлагатайг сонгох нь зүйтэй. Өгөгдөл (дата) болон үйлчилгээгээ Клауд орчин руу шилжүүлэхийн томоохон үр ашгийн нэг нь нөөцлөлт буюу backup болон нөөцлөлтийг мултипль байршил, өөр өөр дата төвүүдэд болон өөр өөр улс орнуудад зэрэг байршуулж маш амархан, хурдтай нэвтрэх, хэрэглэх боломжийг олгож байгаа нь юм. Улс орон бүр байгалийн гамшиг, гал усны аюулын талаар болон түүнээс хэрхэн сэргийлэх, гамшгийн дараах түргэн сэргээх талаар хэлэлцэхдээ өөр өөр хувилбаруудтай байдаг. Монгол улс ч ялгаагүй байх. Ерөнхийдөө, өгөгдөл хамгаалах хууль тогтоомжийг зөвшөөрсөн тохиолдолд бид харилцагчдадаа хамгийн багадаа хоёр өөр хотод эсвэл өөр өөр улсуудад нэгэн зэрэг дата мэдээллээ, нөөцлөлтөө байршуулсан байх шаардлагатай гэж зөвлөдөг
-Таны ажлын зарчим ямар байдаг вэ?
-Сүүлийн үед би асуудлуудыг ангилдаг ажил хийдэг болоод байгаа. Өдөр бүр л миний хувьд өөр байдаг. Бусад хүмүүс шиг тийм олон дадалтай биш. Өдөр имэйлээ шалгахаас л эхэлнэ дээ. Тэгээд л өөр, өөр зүйл дээр ажиллаж, өөр өөр хүмүүстэй уулздаг. Хамгийн их ашигладаг зүйл бол имэйл. Өдөрт олон имэйл авдаг, нэлээд цагаа ч зарцуулдаг. Гар утас мөн тун чухал. Би Blackberry хэрэглэдэг юм. Аппликэйшнүүдэд нь дуртай. Whatsapp-ийг багийн харилцаанд ашигладаг. Би аль болох уулзалт, хурлаас татгалздаг. Хүмүүст асуудал байвал имэйлдэхийг хүсдэг. Ихэнх хурлууд дээр өнгөрсөн хурал дээр юу яригдсан талаар л хэлэлцдэг шүү дээ. Ихэнхдээ 6-8 хүн хурал, уулзалтад байж таардаг ч үнэндээ 5-6 нь огтхон ч тэнд байх шаардлагагүй байгаад байдаг юм. Би хийх зүйлээ өөр рүүгээ имэйл явуулаад сануулчихдаг юм. Хүмүүс ч гэсэн миний ажлын жагсаалтад юм нэммээр байвал имэйл явуулах хэрэгтэй байдаг. За тэгээд тухай өдөр хийхээр жагсаасан зүйлсээ гүйцээж байж л гэр рүүгээ зүглэнэ дээ. Залуучуудад захихад муу залуу юм уу муу бүсгүй битгий байгаарай. Энэ хорвоод амжилт олохын тулд худал ярьж, хууран мэхлэхэд бэлэн хэтэрхий олон хүн бий. Та ийм хүмүүстэй өдөр бүр л таарна. Гэхдээ ийм хүмүүс бусдаас мөнгө салгаж чаддаг байлаа ч магадгүй таван жилийн дараа бүхнээ алддаггүй юм гэхэд хүмүүсийн итгэлийг алдсан байдаг. Урт хугацаанд ийм хуурмаг байдал хэзээ ч сайн юманд хүргэдэггүй. Хэдий зөв зүйлийг хийх, хүмүүсийн хийгээд байгаа зүйлийг хийх хоёрын хоорондын ялгаа тийм амар мэдэгддэггүй ч магадгүй 10 жилийн дараа та хүмүүсийн итгэлийг олсон байх болно. Үнэт зүйл, зарчим барьж яваад амжилт олоход удаан ийм удаан хугацаа шаардагдаж болно. Гэхдээ битгий хүн байгаарай гэж хэлмээр санагддаг.