Ж.Ганбаатар: 2024 оны нэгдүгээр сар хүртэл АИ-92 шатахууны үнийг нэмэхгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар төслөө танилцуулахдаа "Дэлхий нийт коронавируст халдварын дараах эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн цаг үетэй ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөн давхацсанаар дэлхий нийтийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдалд урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэл үүсгээд байгааг дурдаад цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөн, ОХУ-д тавьж буй эдийн засаг, худалдааны хоригуудын үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед богино хугацаанд ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн үнийн өсөлтийг бууруулж, тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулж онцгой журмаар зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт  олгох шаардлага тулгараад байна. Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" УИХ-ын 999 оны зургаадугаар сарын 3-ны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсан. Экпортлогч талд томоохон ноцтой байдал үүсэхгүй нөхцөлд энэ тогтоол үр дүнгээ өгнө. Уул урхай, хүнд үйлдвэрийн яамнаас АИ-92 автобензинийн үнийг 2024 оны нэгдүгээр сар хүртэл буюу тогтоолын хугацаанд нэмэгдүүлэхгүй байх бодлогыг барьж байна" гэв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.