"Эрдэнэс-Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгохыг олон нийтийн зүгээс шаардах болсон. УИХ-ын гишүүд ч үүнийг дэмжиж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өчигдөр Байнгын хорооны хуралдааны үеэр "1072 хувьцааны иргэдэд очих ёстой ногдол ашгаа сүүлийн хоёр жил өгч чадаагүй явж байна. Энэ бол төр дэндүү арчаагүй байгаагийн шинж. Иргэдэд өгөх ёстой ногдол ашгийг өгөхгүй байна гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл" гэсэн бол Д.Батлут гишүүн "1072 хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүллээ гээд хөл хөөрцөг болж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл өгөөжөө өгсөнгүй. Иргэд ч хувьцаа нь баталгаатай эсэхэд эргэлзэж байгаа. "Эрдэнэс-тавантолгой" компани сүүлийн жилүүдэд ашигтай ажиллаж байгаа. Гэтэл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээдэггүй. Хувийн компани ашигтай ажиллачихаад ногдол ашгаа өгөхгүй 1-2 жил болбол хувьцаа эзэмшигчид нь шүүхэд хандана. Ногдол ашгаа нөхөж олгохыг шаардана. Тиймээс 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг нь нөхөж өгөх хэрэгтэй" гэсэн юм.
Иргэд болон УИХ-ын гишүүдийн энэхүү шаардлагад Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө. Тэрээр "1072 хувьцаатай холбоотой асуудлаар "Эрдэнэс-Тавантолгой" компани илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Ямар хэмжээнд ногдол ашиг хуваарилах нь компанийн хэр зэрэг ашигтай ажиллаж байгаагаас шалтгаална. Жил бүр ногдол ашиг хуваарилаад явна. Засгийн газраас "Эрдэнэс-Тавантолгой компанид томилсон бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат даргын хэлж байгаагаар бол ирэх дөрөв, тавдугаар сард иргэдэд ногдол ашиг хуваарилахаар төлөвлөчихсөн байгаа юм билээ" гэв.