УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд "Иргэдийн эзэмшиж буй "Эрдэнэс-Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох ёстой. Өнгөрсөн хугацааны ногдол ашгийг нь ч нөхөж өгөх ёстой" гэлээ. 

М.ОЮУНЧИМЭГ: -Уул уурхайн биржийг дагаад тодорхойгүй асуудлуудаа шийдээд явах нь зөв. Тухайлбал, "Эрдэнэс-Тавантолгой"-н ногдол ашигтай холбоотой асуудал. 1072 хувьцааны иргэдэд очих ёстой ногдол ашгаа сүүлийн хоёр жил өгч чадаагүй явж байна. Энэ бол төр дэндүү арчаагүй байгаагийн шинж. Тогтоолын төсөлд 2021, 2022 оны ногдол ашгийг иргэдэд нөхөж олгох заалтыг оруулах хэрэгтэй. Иргэдэд өгөх ёстой ногдол ашгийг өгөхгүй байна гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл. 

Д.БАТЛУТ: -1072 хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүллээ гээд хөл хөөрцөг болж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл өгөөжөө өгсөнгүй. Иргэд ч хувьцаа нь баталгаатай эсэхэд эргэлзэж байгаа. "Эрдэнэс-тавантолгой" компани сүүлийн жилүүдэд ашигтай ажиллаж байгаа. Гэтэл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээдэггүй. Хувийн компани ашигтай ажиллачихаад ногдол ашгаа өгөхгүй 1-2 жил болбол хувьцаа эзэмшигчид нь шүүхэд хандана. Ногдол ашгаа нөхөж олгохыг шаардана. Тиймээс 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг нь нөхөж өгөх хэрэгтэй. Хууль нь байна шүү дээ.