УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15-нд өргөн мэдүүлсэн, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайханы танилцуулгадаа дурдсанаар 11 бүлэг, 60 зүйл бүхий уг хуулиар
Хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
Хуримтлал үүсгэх,
Хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх,
Хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх,
Мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
Хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байна. Засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байх, өвлүүлдэг байх зарчмыг баримтална.
Хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт холбогдох яамд, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монгол банк, Монголын хөрөнгийн бирж ТӨХК, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, “Тэтгэврийн ууган сан” ТББ, “Нэйшнл лайф” урт хугацаат даатгалын компани, Ард Лайф ХХК-ийн төлөөлөл, бие даасан судлаач, актуарчид, тэтгэврийн реформын төлөөх хөдөлгөөний төлөөлөл оролцжээ.
Мөн олон улсын зөвлөх багууд ажиллаж, төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар энэ төрлийн тэтгэврийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин бүрдэнэ.
Тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, иргэд өөрийн хуримтлалаас тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотект зориулах, санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэнэ.
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хэн, хаанаас зөвшөөрөл өгөх, юунд хөрөнгө оруулж болох, юунд болохгүй гэх мэт зэргийг тодорхой, хариуцах эзэнтэйгээр тусгажээ.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.