С.Батдөлийг мөнгө угаах, татвараас зайлсхийх, үндэслэлгүй хөрөнгөжих зүйл ангиудаар шалгаж байна

УБТЗ-ын албаны орлогч дарга С.Батдөлтэй холбоотой хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийлээ. Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун “Авлигатай тэмцэх газар цагдаагийн байгууллагатай хамтран энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж яллагдагч Б болон хамаарал бүхий этгээдүүдийн гэр орон сууцанд нэгжлэг хийж 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валют бэлнээр хураан авсан. Мөн 6 орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон хэрэгт шаардлагатай гэж үзсэн бусад эд зүйлсийг хураан авсан. Хэргийн яллагдагч Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6 мөнгө угаах, 18.3 татвар төлөхөөс зайлсхийх, 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4 хахууль авах гэсэн зүйл ангиар холбогдуулан шалгалтын ажил хийж байна. Мөн Б-д өчигдөр нэг сарын хугацаатай цагдан хорих арга хэмжээ авсан. Цаашид цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан хэсэг эрүүгийн хэрэгт заасан журмын дагуу хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхээр прокурорын хяналт дор ажиллана" гэлээ.