Лангуун дээрх барааны үнэ кассынхаас зөрвөл тухайн дэлгүүр хэрэглэгчдэд зөрүүг олгоно

Сүлжээ дэлгүүрүүд лангуун дээрх барааны үнэ кассын үнээс зөрдөг зөрчлийг давтан гаргахгүй байх амлалтад хүрчээ.

Тодруулбал, “Номин”, “И март”, CU, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрийн удирдлагууд “лангуу кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.

Ингэснээр сүлжээ дэлгүүрүүдийн бараанд лангуу кассын үнийн зөрүү гарсан тохиолдолд газар дээр нь шийдвэрлэж хэрэглэгчдэд зөрүүг олгох, нэмэлт бонус олгох зэрэг арга хэмжээ авах бөгөөд зөрүүгийн алдагдлыг дэлгүүр өөрөө хариуцах юм байна. Энэ талаарх санамж, анхааруулгыг кассын дэргэд байршуулах аж.

Өөрөөр хэлбэл энэ төрлийн зөрчил гарсан тохиолдолд иргэд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газарт/ШӨХТГ/ шууд гаргах бус тухайн дэлгүүрийн кассад мэдэгдэж, хохирлыг газар дээр нь шийдүүлэх нь.

Эх сурвалж: ШӨХТГ