Цас цэвэрлэж байгаад хүнд бэртэл авч, олон удаагийн хагалгаанд орсон жүжигчин Жереми Реннер ухаан оржээ. "Avengers" киноны Hawkeye буюу Харцагын нүд дүрээр нь илүүтэй мэдэх жүжигчин Реннер эмнэлэгт хэвтсэнээсээ хойш анх удаа сэлфи зургаа нийтэлсэн байна.
Уг золгүй явдал өнгөрсөн ням гарагийн өглөө Невада муж дахь эдлэн газарт нь болжээ. Тухайн үед чухам юу болсон талаар жүжигчний төлөөлөгч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч орон нутгийн цагдаагийн газраас 6.5 тонн жинтэй цас цэвэрлэдэг машинд Жереми Реннер мөргүүлсэн тухай мэдээлсэн. Жүжигчин Реннер цээж болон хөлөө гэмтээж, эмнэлэгт нисдэг тэргээр хүргэгдэн, шууд эрчимт эмчилгээнд оржээ.
Харин мягмар гарагт тэрээр Инстаграмдаа сэлфигээ нийтэлж "Сайхан үгс илгээсэн та бүхэнд баярлалаа. Юм бичих ч чадалгүй бие хүнд байна. Гэхдээ бүгдэд нь хайраа илгээж байна" гэжээ.
Ташрамд дурдахад, АНУ болон Канадад болсон цасан шуурга, цаг агаарын таагүй байдлаас болж 60 гаруй хүн амиа алдаад байгаа юм.
Эх сурвалж: ВВС