Ирэх Ням гаригийн 08:00 цагаас Замын-Үүд-Эрээн боомтыг нээнэ

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан ГХЯ-наас мэдээлэл өглөө. 

ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл "Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 8-ны 08:00 цагт нээнэ. Монгол Улсаас БНХАУ-д зорчин иргэд зорчихоосоо 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгнө. Коронавирус халдварын халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл Хятадын хилээр нэвтрүүлэхгүй. Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Энэ тоог цаашид 500-1000-д хүргэнэ. Эрээн хотод гаднын иргэдийг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдсан, эхний ээлжид 22 зочид буудлын нэр ирүүлсэн. Тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ. "УАЗ-469" маркийн машиныг хил хооронд ашиглахгүйг Хятадын талаас мэдэгдсэн.

Манай улсын иргэд 24 цагийн өмнө өгсөн PCR шилжилгээний хариугаа аваад, хил нэвтрэхдээ асуумж бөглөнө. Гэхдээ шинжилгээний хариуг цаасаар шаардахгүй гэдгээ БНХАУ-ын тал хэлсэн.

Хил нээгдсэнтэй холбоотойгоор халдварын тархалт манай улсад нэмэгдэж болзошгүй. Үүнтэй холбоотой эрсдлийн үнэлгээг ЭМЯ-ныхан хийж байгаа гэж ойлгож байгаа.

Хил боомт нээнэ гэдэг нь их чухал асуудалд тооцогдож байна. Эдийн засаг хүндэрлээ. Үүргийн худалдаачдын нөхцөл байдал хүнд байгаа. Тиймээс Замын Үүд-Эрээний хилийг нээснээр олон давуу талтай. Бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах нөхцөл бүрдэнэ.  Тиймээс ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ГХЯ зохицуулалт хийнэ. Бусад байгууллага ч хамтарч ажиллах шаардлагатай. БНХАУ-ын талаас ирж байгаа мэдээлэл цаг тутам өөрчлөгдөж байгаа. Тиймээс мэдээллээ нэгтгэх нь чухал байна. Ариутгалын хувьд, ариутгалын хаалгаар орж ирж ариутгагдана. Мөн кабинд халдваргүйжүүлэлт хийнэ" гэлээ.