Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Засгийн газрын хуралдаанаас дэмжлэг авсан тул УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлснээр сүүлийн жилүүдэд Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрсний хулгайн хэргүүдэд улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдсон нь иргэд олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгаа тул хүрээ хязгаарыг нь шинэчилж тогтоох, тэдгээрийн үйл ажиллагаандаа хориглох үйлдлийг эл хуулиар тогтоохыг зорьжээ.
Хуулийн төсөлд тусгагдсанаар
-Улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга, удирдлагууд тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд хамаарна.
Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий хүмүүс дараах эрхээ хязгааруулна. Үүнд
Төрийн албанд удирдах албан тушаал хаших
Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд тэдгээрийн оролцоотой компаниудад удирдах болон эрх бүхий албан тушаалд томилогдохгүй
Төрөөс хэрэгжүүлж буй бүх төрлийн төсөл хөтөлбөр, хөнгөлөлт баталгаа, гадаад болон дотоод зээлд хамрагдахгүй. Үүнд, хүүхдүүдийнх нь сургалтын төрийн санд хамрагдах эрхийг нь хязгаарлана
Мөн төрөөс зарласан бүх хэлбэрийн тендер, сонгон шалгаруулалтад оролцохгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.