Улаанбаатар хотын агаарын бохирдол сүүлийн хоёр хоногт хамгийн их байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан сайжруулах шахмал түлшний чанарын асуудлаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх мэдээлэл өгөв.
Тэрбээр “Үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг долоо хоног бүр нэгээс доошгүй удаа гурван лабораторид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шинжилж байна. Өнөөдрийн байдлаар бидний үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг тэр дундаа шинэчлэн баталсан шаардлагыг хангаж байгаа. Улаанбаатар хотод байрладаг том хүчин чадалтай дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утааны асуудал бий. Технологийн шинэчлэл хийж, бүх станц дээр байнгын ажиллагаатай утааны хэмжилт хийдэг төхөөрөмжийг байршуулсан. Энэхүү төхөөрөмжийн хэмжилтийн дүнг хянаж байгаа. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэмжилтийг зөөврийн төхөөрөмжөөр албажуулж хэмждэг.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод байрлаж буй дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг станцуудаас гарч байгаа утаа Монгол Улсын стандартыг хангаж байгаа. Сайжруулсан шахмал түлш болон станцуудын үйлдвэрлэлтэй холбоотой ялгарч байгаа утаа өмнөх жилүүдээс илүүтэйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлсөн зүйл байхгүй гэдгийг баттай хэлье” гэсэн юм.