БНХАУ Монголоос авах коксжих нүүрсний импортод 3 хувийн татвар ногдуулна
БНХАУ ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс нүүрсний импортын тарифыг эргэн сэргээхээр болсныг тус улсын Сангийн яам мэдээллээ. Нүүрсний төрлөөс хамааран импортод 3-6 хувийн татвар дахин ногдуулж эхлэхээр болсон байна.
Өнгөрсөн онд тус улс эрчим хүчний хямралд орохоос сэргийлж, нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр импортын тарифыг “тэглэсэн” юм.
БНХАУ өнгөрсөн оны эхний 11 сард 57.4 сая тонн коксжих нүүрс импортолсон бөгөөд импорт нь өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өсжээ. Тарифын хувьд Монгол Улс, ОХУ, Канад, АНУ зэрэг улсаас импортолсон коксжих нүүрсэнд гурван хувийн татвар ногдуулах юм байна.
Сүүлийн 2-3 жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын нүүрсний экспорт хязгаарлагдмал байсан юм. Хэдий тийм боловч энэ онд цар тахал, зах зээлийн нөхцөл байдал сайжирснаар Монголоос нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт зах зээлд өндөр байна. Одоогийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт 860 гаруй тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна. Мөн энэ оны хоёрдугаар сараас нүүрсээ цахимаар арилжиж эхлэхээр байгаа юм.