ОБЕГ-ын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны 07 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан бөгөөд 225 өрхийн 1566 хүнийг аюулгүй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг 8 байрлалд тор хоргодох байраар ханган, 58 өрхийг нүүлгэн шилжүүлж, 5.0 км далан босгож, 300 м шуудуу татан,  эрүүл мэндийн салбар иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж 82 өрхийн 177 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, 60 хүнд эм бэлдмэл тараагаад байна.

Тухайн суманд үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр давхардсан тоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын 96, Цагдаагийн газрын 149 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 23, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 10, Зам засвар, арчлалтын “Жол” ХХК-ийн 23 ажилтан, орон нутгийн 105 иргэн, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 9, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 7, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 9, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 92, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 35, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 55 алба хаагч, нийт 618 хүн, 107 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Түүнчлэн тус аймгийн нутаг дэвсгэрт болсон үерийн гамшгийн нөхцөл байдалтай танилцах, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Улсын онцгой комиссыг мэдээллээр хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

Мөн Сүхбаатар аймгийн нутгаар 07 дугаар сарын 16-ны өдөр бороо орж, үер буусны улмаас Уулбаян суманд 1 гэр, Түвшинширээ суманд 6 гэр, 2 автомашин үерийн усанд урсаж, Мөнххаан сумаас 44 км-т, аймгийн төвөөс 144-150 км-т улсын чанартай автозамын далан усанд урсан, хатуу хучилттай замд цөмрөлт үүссэн. Төв аймгийн Зуунмод суманд 3 настай эрэгтэй хүүхэд үерийн ус зайлуулах шуудуу руу унасныг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн, далан, суваг, шуудуу сэтэрч 28 айл өрхийн гэр, байшин усанд автсан,  Тус аймгийн Борнуур суманд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас үер бууж 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 70 айл өрх, 10 аж ахуйн нэгж, байгууллага усанд автан, 15 бог мал хорогдон, 3 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, сумын нутаг дэвсгэр дэх орон нутгийн чанартай “Шавартайн” гүүр (Улаанбаатар хотоос 100 км-ийн зайтай)-ийн тулгуур баганад суулт үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, сумын төвийн хатуу хучилттай 530 км зам эвдэрсэн учраас аймгийн “Төв АЗЗА” ХХК, “Баянчандмань” ХХК Улаанбаатар-Дархан чиглэлийн улсын чанартай автозамын Борнуур сумын “Урьхан” орчмын автозамд үүссэн лаг шороо, хог, чулууг цэвэрлэж, сэтэрсэн далан, эвдэрсэн замыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж байна.

   Онцгой байдлын байгууллагаас үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэлийн онцгой байдлын байгууллагад үерийн далан, суваг, шуудуу татах, сэргээх, засварлах, цэвэрлэх, голын арал, тохой, томоохон гол, нуурын эрэг дагуу, уулын усны буулт, жалга судгийн аманд зусаж байгаа айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлэх, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, усны осол ихээр болдог газруудад анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуур, тогтоол устай газар хараа хяналтгүйгээр орхихгүй байх, болзошгүй гамшгийн аюулаас амь нас, эрүүл мэндээ хамгаалах талаар иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгаа хийх, барилга, байгууламж, шатахуун түгээх станцын аянга зайлуулагчийг шалгах, гамшгаас хамгаалах орон нутгийн албадын бэлтгэл бэлэн байдал (автомашин, техник хэрэгсэл, шатахуун, хүн хүчний томилгоо)-ыг хангаж ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.