Нийслэлийн Засаг даргын захирамжаар арванхоёрдугаар сарын 28-нд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны даргаар М.Баярааг томиллоо. Тэрбээр 1995 онд нийслэлийн 18-р дунд сургууль, 2000 онд БНХАУ-ын Багшийн их сургууль, 2004 онд Японы Киорин их сургууль, 2012 онд Санхүү эдийн засгийн их сургуулийг тус тус төгссөн. Гадаад хэлний багш, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын хөгжлийн мэргэжлээр магистр зэрэгтэй юм. Мөн Их Британид англи хэл менежмент, БНСУ-д Төсөл санхүүгийн удирдлага, Японд Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах цогц аргачлал, БНХАУ-д Засаг захиргаа, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт чиглэлээр суралцсан.
Ажлын туршлагын тухайд 2004-2006 онд “Эм-Си-Эс холдинг”-д төслийн зохицуулагч, 2006-2007 онд Японы олон улсын Жайка байгууллагад төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, 2009-2011 онд “Эм Ти Си партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2011-2012 онд Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн дарга, 2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2020-2022 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд хятад, англи, япон, орос хэлтэй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС