ТЦА: 10 сая төгрөгөөр торгоно гэдэг ташаа мэдээлэл

“Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 10 сая төгрөгөөр торгох эсвэл хоёр жил албадан ажил хийлгэнэ. Шинэ хууль батлагдаад гурав хонож байна” гэх мэдээлэл сошиал орчинд тархсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Энэ бол ташаа мэдээлэл. Одоо мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг жилийн хугацаанд жолоодох эрхийг хасаж, 400 мянган төгрөгөөр торгож байна” гэсэн тайлбарыг өглөө.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд

“3.Жолооч:

3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;

3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна хэмээжээ.