Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар нарыг МАН-ын орон тооны  бус нарийн бичгийн даргаар сонголоо

МАН-ын Бага хурлын II хуралдаан  цахим хэлбэрээр  зохион байгуулагдаж буй талаар мэдээлсэн. Бага хуралд оролцогчид Монгол Улсын Их Хурлын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 2022 оны  80 дугаар тогтоолоор зарлагдсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгыг үр дүнтэй зохион байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны болон хууль эрх зүйн зохих өөрчлөлт шинэчлэлийг хийх нь зүйтэй хэмээн үзжээ. 

Бага хурлаас тогтоол гаргаж “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгад  Монгол Ардын Намын байр суурийг 30 дугаар Их хурлын 15 дугаар тогтоолын агуулгын хүрээнд илэрхийлэн оролцож, дэмжиж ажиллахыг Монгол Ардын Намын Удирдах зөвлөл болон УИХ дах намын бүлэгт даалгасан байна. Мөн намын Орон тооны  бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг сонголоо. 

Мөн Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд Ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал нар ажиллана.