УИХ-ын гишүүд болон сонсголд оролцогч нарын гаргасан саналуудыг тоймлон 6 чиглэлээр санал гаргажээ

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголын тайланг Баасан гарагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сонслоо. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав.

УИХ-ын гишүүд болон сонсголд оролцогч нарын гаргасан саналуудыг тоймлоход үндсэн 6 чиглэлээр санал гаргасан хэмээн танилцуулав.

Нүүрсний хулгайг ил болгох, олон нийтийн мэдэх эрхийг хангах чиглэлээр: Засгийн газраас байгуулсан “Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг” буюу штабт ард түмний төлөөллийг оролцуулах, нүүрсний хулгайтай холбогдогч этгээдүүдийг зарлах, Тавантолгойн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг шалгах, шаардлагатай бол Улсын Их Хурлын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах, нэг км төмөр замыг олон улсын жишгээс өндөр үнээр барьсан нь хулгай хийх нөхцөлийг бүрдүүлсэн болон төмөр замтай холбоотой үүсээд байгаа авлига, хээл хахуулийн гэмт хэргийг шалган тогтоох, офтэйк гэрээнүүдийг ил болгоод зогсохгүйгээр ажил гүйцэтгэх, туслан гүйцэтгэх гэрээнүүдийг ил болгох, 2010 оноос хойших 1,072 хувьцаа эзэмшигчдийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын хурлын бүх тэмдэглэл, тушаал, шийдвэр, худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбар зэргийг ил болгох талаар саналуудыг гаргасан.

Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр: Төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, байгалийн баялгийг олон нийтийн хяналтад оруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлаас төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай, Улс төрийн намын тухай бие даасан хуулийг батлах, татварын болон Сонгуулийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн шинэчлэх, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газарт онцгой дэглэм тогтоосон хуулиудыг хүчингүй болгох саналуудыг гаргасан.

Хяналт тавих, хариуцлагын тогтолцоог сайжруулах, олон нийтийн хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх чиглэлээр: Төрийн байгууллагуудын мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй байгаад дүгнэлт хийж, Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг холбогдох байгууллагуудаас тээвэрлэлттэй холбоотой статистик мэдээллийг үнэн зөвөөр гаргаж, нүүрсний үнийн зөрүүний асуудлыг тусад нь авч үзэж, нүүрсний хулгайд ямар нөлөөлөл үзүүлснийг судалж дүгнэлт гаргах, ил тод болгох, офтэйк гэрээг нууцад хамруулсан шийдвэр гаргасан болон бүртгэлгүй нүүрсийг улсын хилээр гаргасан этгээдүүдийг олон нийтэд зарлах, хариуцлага тооцох, хуулийн байгууллага хяналт шалгалт хийхдээ хөндлөнгийн нөлөөнд автахгүй, улс төрөөс ангид хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх саналуудыг гаргажээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах чиглэлээр: Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулах, ард түмэнд ногдол ашиг хуваарилах, төрийн өмчийн засаглалыг өөрчлөх, хяналтыг сайжруулах, олон нийтэд нээлттэй болгох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн бүх хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй шилжүүлэх, жижиг, том Тавантолгой компанийг нэгтгэж орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлж, тус сангийн хөрөнгийг бүх аймагт тэгш хуваарилах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бүртгэлтэй байгаа Зүүнбаян төмөр замыг “Монголын төмөр зам" ТӨХК-д шилжүүлэх, Тавантолгойн орд ашиглалтын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд түүхий нүүрсийг боловсруулж хилээр гаргах, Тавантолгойн орд газрыг хашаалж иргэдийн өмчийг хамгаалах, төмөр зам, цахилгаан эрчим хүчний бүтээн байгуулалтад анхаарах, Оюутолгойн орд ашиглалттай холбоотой Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Түр хороотой адил Тавантолгойн асуудлаар Түр хороог байгуулж, мэргэжлийн экспертүүдийг татан оролцуулж, үр дүнг Улсын Их Хуралд танилцуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг маш хямд үнээр IPO хийн арилжаалах гэж байгаа бол түүнийг зогсоох зэрэг саналуудыг хэлсэн байна.

Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хэлбэрийг сайжруулах чиглэлээр: Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалт, хамрах хүрээ, сонсголын үр дүнг тайлагнах хүрээнд Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудлаар ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдыг заавал оролцуулдаг байх, зөвхөн нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулаад зогсохгүй цаашид нефть, зэс болон бусад уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээр, хил, гаалийн хяналтын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах, сонсголоос гарсан үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлдэг байх зэрэг санал гаргасан.

Төрийн байгууллын тогтолцоог өөрчлөх чиглэлээр: Төрийн байгууллын харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд Улсын Их Хурал нь Засгийн газартаа тавих хяналтаа сайжруулах, шүүх, прокурорын байгууллагын томилгоог өөрчлөх, шинэчлэх, Улсын Их Хурлын гишүүдийн халдашгүй байдал, эрх мэдлийг бууруулах, ард түмний төлөөлөл сонгогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг санал гаргасан байна.

Сонсголын үеэр холбогдох байгууллагын удирдлагуудын хийсэн мэдээлэл болон оролцогчдын гаргасан саналд үндэслэн сонсголын үр дүнг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлжээ. Үүнд, 

1. Энэхүү сонсголын үр дүнгээр Эдийн засгийн байнгын хороо, Улсын Их Хурлаас “нүүрсний хулгай”-н гэх асуудалтай холбогдуулан шийдвэр гаргах, цаашид ийм байдал гарах үүд хаалгыг хаах боломжийг бүрдүүлж, олон нийтийн хяналтыг бий болгож, анхаарлын төвд оруулсан. Цаашид баялгийн олборлолт, ашиглалт, экспортын асуудлыг төр, ард түмний хяналтад нь авах нь зүйтэй гэж үзэж байна. Шаардлагатай бол Улсын Их Хурал энэ асуудлаар холбогдох хууль тогтоомжийг нэн яаралтай дэгээр хэлэлцэж, Засгийн газар болон хуулийн байгууллагуудад бүхий л талаараа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах нь зүйтэй гэж үзсэн болохоо танилцуулав.

2. Улсын Их Хурлаас байгуулагдсан Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хороо хилийн боомтуудаар нүүрс экспортлох, тээвэрлэх асуудал, мэргэжлийн хяналт, хил, гааль зэрэг төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, нүүрсний гаалийн бүрдүүлэлт, гэрээ, үнэ тариф зэрэг олон асуудлыг хянан шалгаж, олон нийтийн дунд үүсээд байгаа эргэлзээтэй олон мэдээллийг тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэжээ.

3. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнийг олон улсын жишигт хүргэж, хил үнээр худалдах, олон нийтийн хяналтад оруулах зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийг шуурхай баталсан бол цаашид Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг мөн яаралтай горимоор хэлэлцэн баталж, энэ мэтээр улс орноо, ард олноо, төсөв хөрөнгийг тонон дээрэмдэх хууль бус үйлдэлтэй Улсын Их Хурал ард түмнийхээ талд байж, хамтран тэмцэх шаардлагатай.

4. Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх хүрээнд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны тоог нэмэгдүүлэх замаар иргэдийн эзэмших хувьцааны хувийг нэмэгдүүлэх, ногдол ашгийг хуваарилах асуудлыг судлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

5. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах хүрээнд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй.

6. Цаашид төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК болон орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгож, иргэдийн оролцоо хяналтыг сайжруулж, экспортод гаргах нүүрсийг хөрөнгийн биржээр дамжуулан ил тод нээлттэй худалдаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх.

7. Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хилийн боомтуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, боомт дагасан суурьшлын бүсүүдийн дэд бүтэц, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг тусгасан Боомтын тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

8. Хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа “нүүрсний хулгай”-тай холбоотой гэмт хэргүүдийн мөрдөн байцаах ажиллагааг хугацаа алдахгүй яаралтай шийдвэрлэх, олон нийтэд зарлах, Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох" үүрэг бүхий хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар сонсголд гэрч, хэргийн холбогдогчдыг оролцуулан хууль хяналтын байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай байна.

Нийтийн сонсголын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд сонсгол явуулснаас хойш ажлын тав хоногийн дотор тухайн Байнгын хороонд сонсголын тайланг хүргүүлэх бөгөөд тус тайланд сонсголын үр дүнгийн талаарх дүгнэлт, сонсголын явцад ил болсон асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар дурдаж, ажиглагч дүгнэлт ирүүлсэн бол дүгнэлтийг, мөн бичгээр ирүүлсэн санал хүсэлт, мэдээллийг хавсаргана гэж заасны дагуу тайланг боловсруулжээ.

Сонсголд тухайн сэдвээр мэдээлэл өгөх эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтныг сонсголд дуудан мэдэгдэл хүргүүлсний дагуу нийт 110 албан тушаалтан сонсголд оролцох саналаа илэрхийлсэн бол сонсголд оролцох хүсэлт гаргасан нийт 225 иргэн, хуулийн этгээд бүртгүүлснээс 58 иргэн сонсголын үеэр санал хэлэх хүсэлтээ урьдчилж ирүүлсэн бөгөөд хэвлэл, мэдээллийн 17 байгууллагын 43 ажилтан сонсголын үйл ажиллагааг сурвалжлах хүсэлтээ ирүүлжээ.

Төрийн ордны “Их Монгол” танхимд сонсголыг зохион байгуулж, сонсголын үйл ажиллагаа 9 цаг 30 минут тасралтгүй үргэлжилсэн байна.

Ерөнхий хяналтын сонсгол явуулахаар олон нийтэд зарласан үндсэн 4 сэдвийн хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн Эрхт төлөөлөгч Ж.Ганбат, “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн бүрэн Эрхт төлөөлөгч Х.Мягмар, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажилд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал нар сонсголд оролцогчдод илтгэл, мэдээлэл танилцуулсан.

Сонсголд Эдийн засгийн байнгын хорооны 15 гишүүн, нийт УИХ-ын 36 гишүүн оролцсон байна. Эдгээрээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Раднаасэд, Д.Өнөрболор, О.Цогтгэрэл, Д.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлжээ. Ерөнхий хяналтын сонсголд оролцож санал хэлэхээр урьдчилан хүсэлт гарган бүртгүүлсэн 55 иргэн саналаа илэрхийлж, холбогдох албаны хүмүүс давхардсан тоогоор 44 удаа асуулт, саналтай холбогдуулан тайлбар, мэдээлэл өгсөн аж.