Японы сүмо бөхийн холбооны захирлуудын зөвлөл зүүний долоо дахь маэгиширо Ичиножог коронавирусийн хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн гэх үндэслэлээр нэгдүгээр сарын тэмцээнээс хасах шийтгэл ногдуулжээ.
Сүмогийн хамгийн хүнд жинтэй бөх Ичиножо архи хэтрүүлэн хэрэглэж, Минато дэвжээний тэргүүний эхнэр Оками санд гар хүрсэн гэх мэдээлэл арваннэгдүгээр сарын дундуур цацагдсан. Сүмогийн холбоо дотоод мөрдөн шалгалт явуулж, дээрх мэдээлэлд үнэний хувь байсныг тогтоожээ. Гэхдээ Оками санд гар хүрсэн нь санаатай үйлдэл биш бөгөөд таван жилийн өмнөх явдал аж.
Минато дэвжээнд ойр эх сурвалжийн хэлснээр, таван жилийн өмнө түүнийг уушийн газраас гаргах гэсэн Оками саныг тэр түлхсэн байна. Дөрвөн жилийн өмнө бааранд агсам тавьж эд хогшлыг нь эвдэлж сүйтгэсэн бөгөөд эдгээр хэргүүдийг хоорондын тохиролцоогоор зохицуулсан, Оками сан ч өргөмөл хүүгээ уучилсан гэж мэдүүлжээ.
Энэ мөрдөн шалгалтын явцад Ичиножо коронавирусийн хязгаарлалтын дэглэмийн үеэр 2020 оны намар, 2021 оны наймдугаар сард найз нарынхаа хамт монгол хоолны газар хоёр удаа орж байсан нь тогтоогджээ.