БНХАУ 2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн тус улсад ирж буй аялагч, жуулчдад тавих хорио цээр тусгаарлалтын дэглэмээ цуцалж буй. Уг асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл өглөө.
Тэрээр "БНХАУ-ынн ӨМӨЗО-ны боомтын асуудал хариуцсан даргатай цахим уулзалт хийлээ. Уг уулзалтаар төмөр замын хил холболт, бүтээн байгуулалтын талаар санал солилцсон. Мөн Гашуунсухайт-ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэн дуусгах тал дээр хэлэлцэж 2023 оны нэгдүгээр сард багтааж бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх талаар харилцан санал солилцоод байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргааны зүгээс боомтод шинэ технологи хэрэгжүүлж хоёр орны бараа солилцоог нэмэгдүүлэх талаар санал тавьсан. Түүнчлэн манай улс аюултай ачаа, тэсэрч дэлбэрэх бодисыг зөвхөн Замын -Үүд Эрээний боомтоор нэвтрүүлдэг. Тэгвэл цаашид энэ төрлийн ачаа барааг Ханги-Мандал боомтоор нэвтрүүлэх саналыг ӨМӨЗО-нд тавьсан.
Түүнчлэн БНХАУ ирэх сараас хилээ нээх шийдвэр гаргасан. Ирэх сарын наймнаас хоёр талын бэлтгэл ажил хангагдсаны үндсэн дээр эхний ээлжид Эрээн-Замын-Үүд боомт зорчигчийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн. Монгол Улс өмнөд хөрштэй 14 боомтоор хиллэдэг бөгөөд одоогоор бараа солилцоо хийгддэг 13 боомт байна. Хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалан нэгдүгээр сарын 8-аас зорчигчийн боомтууд, автозамын боомтууд нээгдэнэ. Хоёр талаас бүх бэлтгэл ажил хангагдсан тохиолдолд эхлээд Эрээн-Замын-Үүд боомтыг нээнэ. Үүний дараа Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал гэсэн дарааллаар боомтуудыг нээхэд бэлтгэн ажиллаж байна. Бэлтгэл ажил хангагдахгүй бол хугацаа өөрчлөгдөх магадлалтай. Манай талаас бол бэлтгэл ажил бүрэн хангагдсан” гэлээ.