Монголын хөрөнгийн бирж өнөөдрөөс IPO гаргана

Хувьцааг анхлан арилжах цан цохих үйл ажиллагаа өглөө 09:30 цагт болж, Монголын Хөрөнгийн бирж өнөөдрөөс IPO гаргахаар боллоо.

Хувьцааг олон нийтэд нээлттэй болгосноор бусад ТӨХК-иудыг түүчээлэх эхлэл болж байгааг тус биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай мэдэгдсэн. Түүний хэлснээр Монголын хөрөнгийн бирж нь улс төрийн ямар нэгэн нөлөөнөөс ангид, аль нэг компани хувьцааг дангаар эзэмших боломжгүй олон нийтийн хяналттай болж байгаа аж. Энэ тухай хэлсэн үгэндээ “улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болон түүний харилцаа хамаарал бүхий этгээдүүд хувьцаа эзэмших боломжгүй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн биржийн хувьцааг аль нэг компани, эрх бүхий этгээд дангаараа эзэмших боломжгүй гэсэн үг. Цаашид 110 ТӨХК-ийг нийтэд шилжүүлнэ гэдгийг  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн билээ.