Монгол туургатан ачаа тээвэрчдийн нэгдсэн холбооны 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хурлыг зохион байгуулж буй нь Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолтой холбоотой юм. Тэдний зүгээс “Энэхүү тогтоол батлагдсанаар одоогоор нүүрс тээвэр хийж буй 22000 мянган жолооч, 6000 туслах ажилтан, 300 гаруй аж ахуйн нэгж ажилгүй болох эрсдэл үүслээ. Энэхүү тогтоолын дагуу тендерийн зарчмаар нүүрс тээвэр явна гэж байгаа. Монголын тээврийн компаниуд энэ тендерт оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Нүүрс худалдан авагч компаниудын тээврийн салбар нь орж ирж, монополь байдал үүсгэх эрсдэл тулгараад байна. Маш олон тээврийн хэрэгсэлтэй Монголын ганц, хоёр компани болон БНХАУ-ын компаниуд л оролцох боломжтой. Цөөн машинтай жолоочид тээвэр хийх боломжгүйд хүрээд байна” хэмээлээ.