Түгжрэл ихтэй замд автомашины яндангийн ус тогтож хөлдсөнөөс гулгаа үүсэж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, өнгөрсөн аравдугаар сараас хойш нийт 1966 тонн бодис, 2969 тонн давс цацжээ. Энэ сарын 22-ны байдлаар 1930 тонн бодис, 4337 тонн давсны нөөцтэй байна.

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ жил 1000 тонн бодис, 2900 тонн давс нэмж авахаар худалдан авалтын гэрээ хийсэн бөгөөд нийлүүлэх шатанд ажил явж байна.

Өдөрт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам, талбайд 10-60 тонн давс цацдаг аж. Халтиргаа, гулгаа үүсээд байгаа шалтгааныг Улаанбаатарын Захирагчийн ажлын албаны Хөрс, орчны бохирдол, ариутгал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Замын өгсүүр болон уулзвар, байшингийн сүүдэртэй хэсэгт цас, мөс тогтоод халтиргаа үүсэж байгаа. Мөн автомашины түгжрэл ихээр үүсдэг хэсэгт яндангаас гарч буй ус замд тогтоод халтиргаа, гулгаа үүсэх гол шалтгаан болж байгаа. Цас орсон тохиолдолд тухай бүрд нь арга хэмжээ аваад давс, бодисоо их хэмжээгээр цацдаг” гэж тайлбарлав.

Нийслэлийн 13.2 сая метр, квадрат зам талбайд давс, бодис цацаж, цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг аж. Үүний 30 хувийг Хот, тохижилтын газар, үлдсэн 70 хувийг дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компаниуд болон хувийн хэвшил хариуцдаг байна.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар