Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас нэр бүхий иргэн 1.2 тэрбум төгрөг нэхэж, сүрдүүлсэн тухай цахим хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр "Хогийн хар уутанд 1 тэрбум 250 сая төгрөг хийгээд, Хөрөнгийн биржийн урд талын хогийн саванд хүнээр хийлгэ гэжээ. Хэрэв намайг түүнд мөнгө өгөхгүй бол Хятад хүмүүстэй авлигын хэлцэл хийж байгаа баримтыг дэлгэнэ гэнэ.
Тэр баримтад нь Тавантолгой компанийн дэд захирал асан У.Цогтбаярын хятадуудтай уулзсан уулзалтын яриа бичлэг байгаа бололтой юм" гээд сүрдүүлсэн хүнийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа мэдэгджээ.
Нүүрсний талаар:
"Нүүрсний хулгайд оролцох нь битгий хэл эсрэгээрээ УУХҮ-ийн сайд байхдаа Тавантолгой компанийн IPO-г олон улсын зах зээлд гаргаж, олон улсын мэргэжлийн багийн хяналтыг тогтоож, одоо үүсээд байгаа нүүрсний хулгайг тэр үед таслан зогсоох гэж оролдоод дийлээгүй.
Тухайн үед маш их ашиг сонирхол үүний ард нуугдаж, гадаад дотоодгүй IPO гаргахын эсрэг ажиллаж байна гэж мөн ч их ярьж, мэдэгдэл хийж байлаа. Нийгмийн анхаарлыг татаж чадаагүй юм.
Хэрэв тэр үед олон нийт энэ асуудалд анхаарлаа хандуулж, шийдвэр гаргах түвшин нөлөөлж чадсан бол өнөөдрийн эдийн засгийн хямрал манай улсад нүүрлэхгүй байсан юм" гэв.