ЦЕГ: Нүцгэлж эсэргүүцэл зарласан иргэдийг баривчлаагүй

Иргэд 12 дугаар сарын 4-нөөс хойш 17 өдрийн турш төв талбайд жагсаж буй. Тэд нүүрсний хулгайн асуудлыг илчилж, эл асуудалтай холбогдох алба хаагчдын нэрийг зарлахыг шаардаад байгаа юм. Тэгвэл өнөөдөр иргэдийн жагсаалыг цагдаа нар албан тараах арга хэмжээг авч байгаа талаарх олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тус мэдээлэлтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЦЕГ-аас мэдээллээ. 

Энэ талаар ЦЕГ-ын хурандаа О.Ганбат "Төрийн ордонд болох нээлттэй сонсголтой холбоотойгоор Төрийн ордны баруун хаалган дээр нэр бүхий 30 иргэн нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Эдгээр иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байх үүднээс шаардлага зөвлөгөө өгсөн боловч хүлээн аваагүй. Иймд Эрүүл мэндийн хуульд заасан дагуу эдгээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй аюулаас хамгаалах үүднээс эмнэлгийн байгууллагынхантай хамтран ажиллаж, эмнэлэгт хүргэсэн. Урьдчилсан сэргийлэх арга хэмжээг цагдаагийн байгууллага авч ажилласан. Нэг хүнд осголтын шинж илэрч, найман иргэнийг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хүргэсэн. Нүцгэлсэн иргэдийн дунд хоёр эмэгтэй байсныг өөрсдийнх нь хүсэлтээр явуулсан. Мөн насанд хүрээгүй 16 настай хүүхдийг асран хамгаалагч болон хүүхэд хамгааллын байгууллагад хүргэсэн. Мөн иргэдээс согтолт болон мансууруулах бодисын шинжилгээ авсан. Ямар нэгэн зөрчил илрээгүй. Тйимээс саатуулж, хэрэг үүсгээгүй. Эмнэлгийн байгууллагаас иргэдийг заавал нарийн шинжилгээнд хамруулах шаардлагыг тавьсан. Энэ үйл ажиллагаанд тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс Цагдаагийн байгууллага 18.30 цагт Сүхбаатарын талбайд суулт хийж байсан 16 иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэгдэлтийн эмнэлэгт, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тус тус хүлээлгэн өгч, эмчилгээ, шинжилгээ үйлчилгээнд хамруулж байна. Тухайн иргэдийг баривчилж, саатуулж байгаа явдал огт биш. Зөвхөн эрүүл мэндийн байгууллагын шаардлагын дагуу үүсч болох эрсдэлээс сэргийлж, дэмжлэг үзүүлж ажиллаж байна" гэлээ.