А.Адъяасүрэн: Нүүрс тээврийн компаниуд хилээр нүүрс дураараа гаргах эрх мэдэлгүй

Нүүрсний хулгайтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн нэрсийг АТГ-аас зарласан. Үүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн дараах тайлбарыг өглөө.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Бизнес эрхлэгчид улс төрийн салбарт орж ирсэн. Миний хувьд 40 мянган жолоочийг бэлтгэсэн. 2000 мэргэжилтнийг би ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай, луйвраа нуухын тулд сөрөг хүчин рүүгээ дайрч байна. Ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани, бизнес эрхлэгчид рүү, жолоочид руу дайрч эхэллээ.

Сүүлийн зургаан жил хэн засаг, тамга барилаа. Яагаад ард түмний амьдрал ийм байна вэ. Хулгайч нь хэн гэдгийг ард түмэн мэдэхийг хүсэж байгаа.

Би шалгуулахад бэлэн. Бусад УИХ-ын гишүүдийн хамт шалгуулж болно. Улс төрд орсон цагаас хойш намайг маш их хэмжээний гүтгэлэг дагаж ирсэн. Энэ бүхнийг би улс төрч хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд миний сонгосон зам хэмээн өдийг хүртэл чимээгүй явсан. Би хулгай, луйвар хийсэндээ чимээгүй явсан юм биш. Үнэн мөнийг дэнслэх ёстой. Цаг хугацаа бүгдийг шүүдэг.

2020 оны тавдугаар сарын 6-нд, УИХ-ын гишүүний сонгуульд өрсөлдөх үед намайг цагдаагийн байгууллагаас шалгасан нь үнэн. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш олон гүтгэлэгт өртсөн. Нэг ч удаа тайлбар хийж байгаагүй.

Монгол Улсад 20 мянган жолооч, 450 орчим нүүрс тээврийн компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг нь би байсан. Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүнийгээ нуугаагүй. Нүүрс тээврийн компаниуд хилээр нүүрс дураараа гаргах эрх мэдэл байхгүй. Монгол Улсын гааль, хилийн цэргээр яаж гарах юм. Хятадын хил, гаалийг яаж аргалах вэ. Ерөөсөө ийм боломж байхгүй” гэлээ.