Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол болж байна. Мөн үеэр Сангийн сайд Жавхлан нүүрс тээвэртэй холбоотой тоо баримт, мэдээллийг хүргэлээ. Тэрбээр "Монгол Улс 1995 оноос экспорт хийж эхэлсэн. Тэрнээс хойш нийт 336 сая тонн нүүрс гаргасан байна. Үүний 298.4 сая буюу 80 хувийг нь 2018 оноос экспортолжээ. Нийт экспортын 90 хувийн найман компани гаргасан байдаг. 336 сая тонн нүүрс экспортлоод, нийт 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон. Үүний 43.5 буюу 95 хувийг нь 2011 оноос хойш олсон байна. Улмаар нийт 10 их наяд төгрөгийн татвар авсан. Нүүрсийг тойроод ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 77, экспортолж, дамжуулдаг 372 компаниуд санхүүгийн тайлангаа өгсөн байна. Нүүрс тойрсон хулгай гэж яриад байгаа зөрчлүүдийг таван бүлэгт хувааж авч үзсэн. Нэгдүгээрт тээвэртэй холбоотой. Үүний цаана томоохон далд эдийн засаг бий болсон байгаа. Хоёрдугаарт, офтек. Мөн хилийн хяналтын байгууллага бүртгэлгүй, эсвэл хоосон гэж бүртгүүлсэн зөрчил. Түүнчлэн ЭТТ ХК-ийн эзэмшлийн буюу талбай дээрээс 340 мянган тонн нүүрс зөөвөрлөсөн зөрчил бий. Эдгээр төрлөөр харж, судалгаа, хяналт шалгалт үргэлжлүүлж байна. Энэ хугацаанд татварын байгууллагаас нийт 170 компанид 239 удаа шалгалт хийж 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлээд, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан байна.
Тээвэртэй холбоотой асуудал мөн шат шатны татварын байгууллагын анхаарал татдаг. Энэ хугацаанд нийт 266 гаруй байгууллагад хяналт, шалгалт хийгээд, 1.1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлээд, 80 тэрбум төгрөгийн акт тавьсан байдаг. 18 байгууллагад хяналт, шалгалт хийж байгаа. Эдгээртэй холбоотой шүүхийн асуудал гарч ирсэн. Татварын байгууллагаас гэрээний үнэ биш, цаана бодитой явагдаж байж болзошгүй өндөр үнээр татварыг тавьсан. Гэвч хүлээн зөвшөөрөхгүй шүүх дээр очсон. Харамсалтай нь шүүх дээр ялагдсан. Улмаар өнөөдрийг хүртэл бага дүнгээр татвар төлсөөр ирсэн.
АМНАТ-тай холбоотой зөрчил нилээд яригддаг. Гэтэл АМНАТ дээр бид энэ хугацаанд харьцангүй бага алдсан. Ер нь алдаагүй гэж хэлж болно. 2014-2019 оны тогтоол, өнгөрсөн оны 174 дугаар тогтоол зэрэг дээр амны үнээс АМНАТ авч байгаагүй. Тиймээс энэ дээр алдсан зүйл бага" гэсэн мэдээлэл өглөө.