Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна

Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалд идэвхийлэн оролцож буй жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэр рүү үл таних хүмүүс халдсан тухай мэдээллийг тэрбээр цахим хуудсандаа нийтэлсэн.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 14-ний өдрийн  23:43 цагт “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрийн хаалганы завсраар шингэрүүлсэн хий шахсан байна” гэх дуудлага ирүүлжээ.

Дуудлагыг хүлээн авч шалгахад Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны байрны дугаар тоот хаягийн хаалганы гадна талд будгаар юм бичиж, цаас наасан. Мөн үзлэг хийхэд тухайн өдрийн 20:40 цагийн орчимд хар өнгийн хувцастай 2 этгээд орж хяналтын камер шүүгээд, орцноос гарч байгаа нь бичигджээ.

Дээрх 2 иргэн нь тус байрны камерын хяналтын бичлэгийг үзэхээр орох үедээ өөрсдийгөө цагдаагийн алба хаагч, эрүүгийн цагдаагийн албанаас явж байна гэж танилцуулан, хөндлөн зураастай үнэмлэх үзүүлсэн гэх мэдээллийг шалгаж байна" гэлээ.

Ташрамд мэдээлэхэд цагдаагийн байгууллагын алба хаагчид хөндлөн зураастай албаны үнэмлэх хэрэглэдэггүй аж.