Цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааны нөхцөл байдлын талаар мэдээлэв. Цагдаагийн хурандаа н.Лхагвасүрэн дараах мэдээллийг өглөө:
- Өдөрт дунджаар 800-2500 иргэн жагсаалд оролцсон. 56 иргэн суултад оролцсон. Бид ХҮЭК-той хамтран, иргэдэд бага насны хүүхдийг жагсаалд оролцуулахгүй байхыг уриалсаар байна. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээж, жагсагчдад чанга яригчаар анхааруулав.
Өөрийгөө шатаах үйлдэл хоёр удаа гарсан. Цагдаа нар тухайн иргэнийг шуурхай таслан зогсоосон. Тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байв. Биед нь ямар нэг эрсдэл гараагүй. Мөн өөр нэг иргэн хувцсаа тайлан, шингэн зүйл бие дээрээ асгасан. Тухайн хүн “Би өөрийгөө шатаах гээгүй. Харин спиртээр биеэ арчин, ханиад томуунаас сэргийлсэн” гэж мэдүүлэг өгсөн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс жагсагчид руу дайрсан тул 15 иргэнийг шалгасан, тухайн өдөр 8 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэнэ өгөв.
Цаашид жагсаал цуглаан зохион байгуулагчид бүх хариуцлагыг хүлээнэ гэдгийг анхааруулъя. Жагсаал тайван эхэлсэн ч эхний өдрийн орой Төрийн ордон руу дайрч, Сүхбаатарын талбай дахь сүлд модыг шатаасан. Нэг цагдаагийн хамрын яс хугарч,ноцтой бэртсэн. Албан хаагч Төрийн албан хаагч нарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Жагсагчид эхний өдөр мод чулуу зэргийг цагдаа нар руу шидсэн юм.
Жагсаж буй иргэдэд гадаадын иргэд хоол тараасан талаар зарим хүн нийгмийн сүлжээгээр тараасан. Одоо ч жагсагчдад хоол унд тараасаар байна.
Өнгөт хувьсгалын шинж тэмдгийг агуулсан үйлдлүүдийг олон хоног үргэлжилсэн жагсаалын үеэр хийлээ. Эдгээр нь хувцсаа тайлах, нүцгэлэх, үсээ хусах, бие дээрээ шингэн зүйл асгах зэрэг юм.
Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас жүжигчин Цогтоогийн гэрийн үүдэнд юм бичсэн эсэхийг шалгаж байна гэв.