Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж байна.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: Эрүүгийн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэргүүдтэй холбоотой заалтуудыг анхаарч, дахин боловсруулан түргэн шуурхай батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Төв талбайд жагсаж байгаа иргэдийн тавьсан нэлээдгүй шаардлага энэ хуульд туссан.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байхыг хэлсэн байгаа. Монгол Улсын нэгдэж орсон авлигын эсрэг конвенцод нийцүүлж халдашгүй бүрэн эрхийг халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээдэггүй тохиолдлууд гардаг.
Эрх бүхий этгээдээс хөөн хэлэлцэх хугацааг тоолоод эхэлсэн байгаа. Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно. Энэ тохиолдолд тухайн институц бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрхийн хугацаа дууссанаас нь эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татах бололцоог энэ хуулиар бүрдүүлж байна.
Сонгуулийн дараа ч юмуу тодорхой албан тушаалтнууд буусны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагыг ярих юм.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлалт үзүүлэхгүй байх заалтыг Эрүүгийн хуульд оруулж байна.
Эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг торгох ялаас хаслаа.
Авлига албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулахгүй байх өөрчлөлтийг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна. Их хэмжээний авлига авчхаад 40 саяар торгуулиар суллагдчихлаа гэдэг шүүмж байдаг. Авлигад авсан, гэмт хэргийн замаар олсон бүх хөрөнгийг хураадаг. Мөн Засгийн газраас өөрийн орлогоос давсан автомашин унаж, хөрөнгө эзэмшиж байвал шалгах чиглэлийг өгсөн.
Ерөнхийдөө УИХ-д нөлөө бүхий этгээдүүд халдашгүй байдал нэрээр асуудлаас сугарч үлддэг, хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж удаашруулдаг зүйл ингээд дуусгавар болж байна.
Мөн Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д онц дэглэм тогтоож, онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр намайг томилсон. Би өнгөрөгч баасан гарагт ажлаа авсан. Ажлаа авснаас хойш орон нутагт ажиллаад өчигдөр Улаанбаатар хотод ирлээ.
Тэнд хоёр асуудал байна. Нэгд, мөргөцгийг бүртгэлгүй хил давуулсан гэх. Ийм зүйл болсон уу, эсхүл шатсан уу шатаагүй юу гэдгийг мухарлахаар ажил явагдаж байна.
Хоёрт, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хилийг давж орж ирж Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК 340 мянган тонн нүүрсийг олборлосон гэх асуудал байгаа. Төрийн өмчит компанийн талбайгаас орон нутгийн өмчит компани нүүрс олборлох асуудал байж болохгүй. Энэ бол нэг компани нөгөө компаниас хууль бусаар авсан гэсэн үг. Хоёр компани хил залгаа учраас техникийн нөхцөлтэй холбоотой асуудал гарсан гэдэг зүйлийг хэлж байгаа ч үүнд аудит оруулна.
Нүүрсийг бүртгэлгүй хил давуулсан уу, энэ нүүрсийг буцааж өгөх үү, хэрэв нүүрсийг хил давуулсан бол орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д орлого орсон эсэх санхүүтэй холбоотой асуудлыг шалгана. Эргэн мэдээлнэ.