ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн арван жилийн турш тасралтгүй зохион байгуулсаар ирсэн хэвлэлийн том хурлаа энэ жил цуцлахаар болжээ. Жил бүрийн эцсээр 12 дугаар сард сэтгүүлчид болон бусад зочдын сонирхосон асуултад нь хариулдаг хэвлэлийн хурлыг Путин 2001 онд анх зохион байгуулж байсан. Харин 2012 онд Кремлийн тэргүүнээр гурав дахь удаагаа эргэн ирснээсээ хойш жил бүр уламжлал болгоод байсан юм. Дунджаар дөрвөн цаг үргэлжилдэг Путины хэвлэлийн хурал дэлхийн анхаарлыг ихээр татдаг.
Владимир Путин Холбооны Хурал буюу парламентдаа танилцуулдаг жил бүрийн илтгэлээ ч гэсэн одоог хүртэл танилцуулаагүй байгаа юм. Он дуусахаас өмнө Холбооны Хуралд илтгэл тавих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Үндсэн хуулийн дагуу ОХУ-ын төрийн тэргүүн жил бүр Холбооны Хуралд улс орныхоо дотоод болон гадаад бодлогын үндсэн чиглэлийн талаар илтгэл тавьдаг юм.