ХААН банк: Иргэн Г.Ган-Очирын дансанд 9.9 их наяд төгрөгийн шилжүүлэг хийгдээгүй

Иргэн Г.Ган-Очирын дансанд 9.9 их наяд төгрөг шилжиж орсон гэх мэдээлэл, зураг цацагдсан. Тэрбээр жүжигчин У.Цогтбаяртай өчигдөр лайваар ярилцахдаа энэ талаар хэлсэн. Г.Ганбаяр “Д.Сумъяабазар надад сая ам.доллар амласан. Гадаад руу сур, сайхан амьдруулъя гээд тохиролцох гэж үзсэн. Би “Гэм буруугаа хүлээ” гэж л хэлсэн” гэсэн юм.

Түүний дансанд 9.9 их наяд төгрөг шилжүүлсэн үү. Тийм их хэмжээний мөнгийг шилжүүлэх боломжтой юу. Энэ талаар Хаан банкны удирдлагууд мэдээлэл хийлээ.

ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Өчигдөр Г.Ган-Очиртой холбоотой сошиалд тарсан мэдээллийн дагуу тайлбар хийж байна.

Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд, Хуулийн байгууллагын шийдвэрийн дагуу тухайн харилцагчийн дансанд хөдөлгөөн хязгаарлах барилт гүйлгээ хийгдсэн. Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнтэй, боломжит дээд оронгоор хязгаарласан. Энэ нь тухайн иргэний дансанд тийм хэмжээний мөнгө байгаа гэсэн үг биш.  

Тийм их хэмжээний гүйлгээ хийгдэх боломжгүй. Хэрвээ та бүхэн лайвыг нь үзвэл, тэр мөнгөн дүн нь хасах тэмдэгтэй байгаа. Тухайн харилцагчтай холбоотой хувийн нууцлалын мэдээллийг хэлэх боломжгүй байна. Лайв бичлэгт гарсан учраас энэ мэдээллийг хийж байна. Тухайн иргэний дансанд 9.9 их наяд төгрөг ороогүй, гараагүй. Тийм гүйлгээ огт хийгдээгүй. 20 саяас дээш төгрөгийн гүйлгээг Монголбанканд тайлганадаг. Тийм их хэмжээний мөнгө шилжих боломжгүй” гэлээ.