Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоон ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилсон. Тэгвэл иргэд, олон нийт, ялангуяа Өмнөговь аймагт оршин суудаг иргэдийн дунд эргэлзээ төрүүлж буй зарим асуудлын талаар Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч нэмэлт мэдээлэл өгчээ.
1.Орон нутаг 51 хувийн хувьцааг нь эзэмшиж буй орон нутгийн өмчит энэхүү компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэх, авах үйл ажиллагаа хийгдэхгүй.
2.Бусад хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй.
3.Компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ил тод болгоно. Ил тод, нээлттэй болгож байж улс, орон нутгийн төсөвт орох татвар, хураамж нэмэгдэх, компанийн орлого нэмэгдэх, цаашлаад Өмнөговь аймгийн иргэдэд очдог “үр өгөөж” сайжирна аа гэж үзэж байна.
4.Бүртгэлгүй нүүрсний асуудал, ЭТТ-н талбайгаас нүүрс олборлож борлуулсан, нүүрс шатсан, шатаагүй гэх асуудлыг судалж нэг талд гаргаж шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авна. Тухайлбал санхүүгийн болон бусад чиглэлээр аудит хийлгэх ажлыг зохион байгуулна.