MRI аппарат манай улсад хангалттай байгаа эсэх талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл сэтгүүлчид тодрууллаа.
Тэрбээр "MRI аппарат нь зөөлөн эд, үе, нуруу нугалам, тархины эмгэгүүдийг оношлох дүрс оношилгооны арга юм. Манай улсад өнөөдрийн байдлаар хувийнх болон улсынх нийлээд 12 ширхэг MRI аппарат байна. 12 гэдэг нь 3,300,000 хүн амд хангалттай.
MRI, СТ шинжилгээ нь олон удаагийн давтамжтай хийгддэггүй. Бүх эмнэлэгт байх ёстой технологи биш. Нэгдсэн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд байхад хангалттай гэж үздэг.
Ганцхан MRI гэлтгүй эмнэлгийн бусад бүх тусламж үйлчилгээнд дараалал байгаа. Эмнэлгийн тусламжийг үзүүлэхэд яаралтай болон төлөвлөгөөт гэсэн хоёр зарчмаар явдаг. Тухайн хүн эмнэлэгт хандахад биеийн байдал нь амь насанд нь аюултай, онц ноцтой, хурдан хүндрэх эрсдэлтэй байгаа бол дараалал харгалзахгүйгээр MRI ч бай, ЭХО ч бай бусад шинжилгээнүүдийг эмчийн заалтаар яаралтай горимоор авч тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Аль аль талдаа асуудлууд байна гэж харж байна. Эмнэлгийн байгууллагууд өвчтөндөө шаардлагагүй зөвлөгөө өгөх, иргэд дам яриа сонсоод заавал MRI хийлгэнэ гээд зохиомол ачаалал үүсгэхгүй байдал бас ажиглагдаж байна” гэв.