Л.Оюун-Эрдэнэ: Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга байсан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө жагсаж байна. 

Жагсагчидтай уулзахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд гарч ирлээ.

Тэрбээр "Бид энэ бүх асуудлыг сэтэлж, бүх тогтолцоог нурааж байж амжилтад хүрнэ. Ингэснээр дараагийн шинэ 30 жил ирнэ. Хэрвээ бид шинэ 30 жилийг эхлүүлж чадахгүй бол байрандаа зууралдаж үлдэнэ. Засгийн газар олон асуудлыг шийдэж чадсан. Бид 2.3 тэрбум долларыг тэглүүлж чадсан. Энэ бүхнийг өнгөрсөн богинохон хугацаанд хийсэн. Бид урагш явах ёстой, ухарч гишгэж болохгүй.

Хөгжлийн Банканд улсынхаа нэрээр бонд авч бүлэглэлийн зарчмаар хуваасан жинхэнэ луйварчид өнөөдөр нийтийг өдөөн хатгаж, турхирч байна. Үүнийг би мэдэж байгаа. Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа. Бид зарим тайлбарыг өгөхгүй байгаа ч гэсэн иргэдтэйгээ хамт байгаа. Өнөөдөр олон хулгайчийн асуудлыг гаргаж ирсэн. Хэрэв эдгээр асуудал шийдэгдээгүй байсан бол Тавантолгой, Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж тавихгүй байх байсан. Тиймээс бид иргэдтэйгээ нэг тал байх ёстой. 

Өнөөдөр энд улс төрийн зорилготой хүмүүс ч ирсэн байгаа. Жинхэнэ нүүрсний хулгайчдын ятгалгаар ирж, зориуд жагсаал цуглааныг өдөөн хатгаж, Засгийн газрыг турхирч байгаа хүмүүс ч бий. Үүнийг Монголын ард түмэн ялгаж салгаж, дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга байсан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа мэдээллийг бид авч байна" гэлээ.