Жагсагчдаас 100 хүн нүүрсний хэргийг шалгах ажлын хэсэгт орж ажиллана

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд төв талбайд дөрөв дэх өдрөө жагсаж байна. Үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахгүй, тэдний төлөөллийг хүлээн авч уулзахгүй байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүмжилж, хууль хяналтын байгууллагуудын удирдлагатай уулзаж, үүнд онцгойлон анхаарахыг үүрэгдсэн. Жагсагчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзахаар төв талбайд гарч ирж, үг хэлэх үеэр иргэд түүн рүү юм шидэж, эсэргүүцлээ илэрхийллээ. Мөн үг хэлж байх үеэр нь зөвхөн нүүрсний хулгайн талаар ярихыг шаардаж, хашхирч, дургүйцлээ илэрхийлсэн юм. 

Энэ үеэр жагсагчдын төлөөлөл "Ард иргэдийн олон хоногийн жагсаалын зорилго, нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөө төсөвтөө авах. Хэдэн жилийн хулгай юм бэ. Шаардлагатай бол нэрсийг нь зарлана гэж хэлсэн. Зөндөө хүлээлээ, одоо зарлах цаг чинь болсон юм биш үү. Та МАН-ын санхүүтэй холбоотой бүх хүнээс битгий айгаач. Та ард түмэнтэйгээ хамт гэж хэллээ. Тийм юм бол битгий нуу, битгий ерөнхий ярь. Та нүүрсний хулгайчдын нэрсийг ил болго. Ард иргэд олон хоног хүлээлээ" гэсэн юм. 

Ерөнхий сайд жагсагчдаас 100 хүртэлх иргэний төлөөллийг нүүрсний хулгайн асуудлыг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулна гэв.