Өчигдөр Португалийн шигшээ баг Швейцарын багийг 6:1 харьцаагаар хожиж, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа.
Энэхүү хожлын гурван гоолыг Португалийн 21 настай залуу хөл бөмбөгчин Гонсало Рамос өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, энэ ДАШТ-ий анхны хэт трикийн эзэн (нэг тоглолтод гурван гоол оруулсан) болсон юм.
Тэрбээр өчигдрийн тоглолтод багийнхаа төдийгүй дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг болох Кристиано Рональдогийн оронд талбайд гарсан байна.
Рамос өчигдрийн тоглолтод орохоосоо өмнө олон улсын тэмцээнд ердөө 33 минут л тоглосон туршлагатай байжээ.
Португалийн шигшээ хэсгийн сүүлчийн тоглолтдоо Өмнөд Солонгосын багт 2:1 харьцаатай хожигдсон нь тус багийн хувьд ичмээр явдал болсон.
Энэ тоглолтын дараа Португалийн багийн дасгалжуулагч Фернандо Сантос дараагийн тоглолтдоо Рональдог суулгаж, Рамосыг оронд нь тоглуулах шийдвэр гаргасан нь ийнхүү амжилттай болжээ.
Өмнөд Солонгостой хийсэн тоглолтын үеэр суулгаснаас болоод Сантос, Рональдо хоёрын дунд зөрчил үүсээд байв. Талбайгаас гарахдаа Рональдо долоовор хуруугаар амаа таглаж үзүүлсэн нь дасгалжуулагчийн шийдвэрт дургүйцсэний илэрхийлэл байсныг тэр сүүлд тайлбарлажээ.
Нэг үгээр хэлбэл Рональдог Рамосоор орлуулсан нь Швейцарын шигшээ багийг олон гоолын илүүгээр хожиж, Өмнөд Солонгост хожигдсон алдаагаа цайруулах гол шийдэл болсон юм.
Одоо Португалийн шигшээ баг Мароккогийн багтай Бямба гарагт тоглож, шөвгийн дөрөвт үлдэх эсэхээ шийдэх юм.