Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрээр "Миний бие дөнгөж сая Сангийн сайдад Чингис бондын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларын гүйлгээ шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс өнөөдөр Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа.
Өчигдөр, уржигдар жагсаал хийсэн жагсагчдаас 20 орчим шаардлага ирсэн. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал байгаа юм. Хөгжлийн Банкны өр төлөгдөж байна. Чингис бонд ч гэсэн төлөгдөж дууслаа. Энэ бол тухайн үед бидний үр хүүхэд төлчихнө гэсэн сэдлээр босгосон бонд. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг боомилсон үйлдэл байсан.
Амаргүй нөхцөл байдлын тэмцлүүдийг хийсэн. Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг Арбитарт өглөө гэдгийг зарлаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Дубайн гэрээ цуцлагдаж, 2.3 тэрбум өр тэглэгдэх түвшинд хүрч чадах болов уу гэдэгт эргэлзэж байсан. Энийг олон нийт маш сайн дэмжсэн. Үүний улмаас өнөөдөр бодитой үр дүнд хүрсэн. 34 хувийн асуудал бүрэн шийдэгдэж, гүний уурхай ашиглалтад орох гэж байна. Тэгэхээр ард түмэн нэг талд байж чадвал бодит үр дүнд хүрч чадна гэдгийг харуулсан.
Эрдэнэтийн 49 хувь гэж том асуудал гарч ирсэн. Анхны схемийг миний хувьд задалж ярьж байсан. Шүүгч нарын асуудал ч хөндөгдсөн. Улмаар онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж байсан. Эрдэнэт үйлдвэр одоо ашигтай ажиллаж байгаа. Юутай ч, төрийн мөнгөөр, Засгийн газрын худалдаж авах давуу эрхээсээ татгалзаад, хувийн компанид өгөх гэсэн асуудал шийдэгдсэн байна. Одоо шүүх дээр хэрхэн шийдэгдэхийг нүд цавчихгүй харж байгаа.
Буруу зөрүү тайлбарлаад байгаа болохоос Бор өндөр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бол Эрдэнэтийн нэг хэсэг нь. Түүнээс биш хувийн хэвшил рүү дайраад байгаа зүйл биш юм. Мөн Дархан төмөрлөг, Хөтөлийг эргүүлэн авах тухай асуудал ч өнөөдөр шийдэгдсэн. Гэхдээ амар байгаагүй.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал одоогоос жил гаруйн өмнө яригдаж эхэлсэн. Энэ дээр хэвлэл мэдээллийг хэрэгсэл болон олон нийт маш сайн дэмжлэг үзүүлсэн. Одоо хоёр бондын өрийг төлөх хэмжээний мөнгө төвлөрч, энэ асуудал үр дүнд хүрсэн. Саяхан Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Том асуудлууд цэгцэрч байгааг би өмнө нь мэдээлж байсан.
Өчигдөр үзэл бодлоо илэрхийлсэн залуучууддаа талархаж байна. Үдээс хойш нүүрсний хулгайчид жагсаалыг өөр зүйл рүү эргүүлэх гэж оролдож, улс төржүүлэх гэсэн мэдээллүүдийг авсан. Тиймээс энэ асуудал дээр олон нийт туйлын сонор, сэрэмжтэй хандах хэрэгтэй. Асуудалд орсон хүмүүс хамгийн их нүүрс ярьж байна. Больчхоосой гэж бодож байна. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй гэдгийг хатуу хэлье.
Өчигдөр залуучуудын тавьсан санал дотор тогтолцооны өөрчлөлт хий гэсэн шаардлага ирсэн. Энийг удаан хугацаанд бодож, холбогдох хүмүүстэй хэлэлцсэн. Бид 30 жил энэ тогтолцоогоор явлаа. Хүн ам өссөн байна. Шулуухан хэлэхэд, манай парламентын төлөөлөх нөлөө буурсан байна. Парламент ард түмний жинхэнэ төлөөллөөс бүрдэх, хүлээн зөвшөөрөгдсөн байх, иргэдийн төлөөлөл орох, нийгмийн давхарга, үндэсний цөөнхийг төлөөлөх учиртай. Жижиг намууд улс төрд хүч үздэг ч босго давж чаддаггүй нь нууц биш.
Сүүлийн үед урд, хойд хөрш амаргүй нөхцөл байдалд байна. Энэ нөхцөл байдал цаашид удаан хугацаанд үргэлжилж мэдэхээр байна.
Хоёр удаа амаргүй жагсаал боллоо. Эдийн засгийн нөхцөл байдлын улмаас иргэд бухимдалтай байгаа. Хаврын жагсаалын үеэр жагсагчидтай уулзсан. Саяын жагсаалын дараа парламентын тогтолцоог агуулгын хувьд шийдэхгүй бол засаглалын хэлбэр солигдох хэмжээний эрсдэл үүсэх вий гэж эмээсэн. Тиймээс би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд үндэсний хэмжээний зөвшилцөлд оролцох нь зүйтэй гэж бодож байна.
Сая МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Улмаар жагсагчдын төлөөлөл, улс төрийн намуудтай ярилцах улс төрийн эрх авсан. Мөсөн уулсын гуравны нэг нь л харагддаг гэдэг. Болж байгаа ихэнх асуудал харагддаггүй. Харагдахгүй байгаа хэсгийн тооцоолохгүйгээр дүгнэлт хийвэл алддаг. Олон гүйцэтгэх засаглалтай, гүйцэтгэх засаглал нь туниа муутай байна. Үдээс хойш улс төрийн намын удирдлагуудтай уулзаж, ярилцана. Нийгэм том агуулгаар нь хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд Ерөнхий сайдын хувьд манлайлан ажиллана. Энэнээс хүнд нөхцөлд орвол яах вэ гэдгээ харж, том алхах шаардлагатай.
Шаардлагатай бол ард түмэндээ дахин сонгох эрхийг нь өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэрэв миний гаргаж тавьсан хулгай, луйвартай тэмцэх ажлыг дэмжихгүй байгаа бол өөр сонголт хийх боломж сонгодог парламенттай улсад байдаг. Хэрэв энэ тэмцэл цаашид үргэлжлээсэй гэж хүсвэл сонголтоо хий.
Сонгодог парламент бол хүчтэй Ерөнхий сайдын засаглал. Ийм сонголтын өмнө ирэхэд би бэлэн байна. Гацаж, гал унтрааж байснаас эхлээд том асуудлаа шийдье.
Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах асуудал яригдаагүй. Төрийн тэргүүн, энэ бол Засгийн газар шийдэх ёстой асуудал. Шаардлагатай бол тогтолцооны репормыг ард түмэн дэмжвэл би дэмжинэ гэж хэлсэн. Намын Удирдах зөвлөлийн гишүүдтэй дээрх асуудлыг л хэлэлцсэн. Зөвлөлийн гишүүд дээрх эрхийг надад өгсөн. Өнөөдрөөс улс төрийн намын удирдлагууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч уулзалт хийнэ" гэв.