Бразилын шигшээ баг Даваа гарагийн орой Өмнөд Солонгосын багийг 4:1 харьцаагаар буулган авч, хөл бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын шатанд шалгарсан юм.
Энэ хожлоо тэд хөл бөмбөгийн амьд домог Пелед зориулснаа сүүлд мэдэгджээ.
Одоо 82 настай Пеле амьсгалын замын халдварт өвчний улмаас Бразилын Сан Паоло хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Тэр бас бүдүүн гэдэсний хорт хавдраар шаналж байгаа билээ.
Өчигдөр Катарын нийслэл Доха хотын Stadium 974 стадионд болсон тоглолтын үеэр Бразилын хөгжөөн дэмжигчид Пелегийн дүр, нэр бүхий асар том далбааг намируулж байжээ.
Тоглолтын дараа Бразилын шигшээ багийнхан бас Пелегийн нэр, дүртэй далбааг барин зогсож, домогт тамирчинд хүндэтгэл үзүүлсэн юм.
Бразилын багийн од Неймар “Пелегийн одоо туулж буй өвчин зовлонгийн талаар ярихад хэцүү байгаа ч би түүнд сайн сайхан бүхнийг хүсмээр байна. Түүнийг түргэн эдгэнэ гэдэгт найдаж, үүнд бидний энэ хожил бага ч гэсэн нэмэр болох байх гэж бодож байна” гэж хэвлэлд ярьжээ.
Бразилын шигшээ баг Баасан гарагт Хорватын шигшээ багтай тоглох хуваарьтай байна.
Жинхэнэ нэр нь Эдсон Арантис ду Насименту болох Пелег бүх цаг үеийн хамгийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг гэдэг.
Тэрбээр гурван удаа дэлхийн аварга болсон цорын ганц хөл бөмбөгчин юм. Пеле үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд 92 удаа тоглохдоо 77 гоол оруулж байжээ.