Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсэн хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа.

 

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Нийтийн сонсголын тухай хуулийн холбогдох зүйл, заалттай холбогдуулан нэр бүхий Улсын Их Хурлын 9 гишүүн ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах санал гаргаж байгаагаа уулзалтын эхэнд танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ, “Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсний экспортын гэрээнүүдийг ил болгох, 2020-2022 онуудад Монгол Улсын хилийн боомтоор экспортлосон нүүрсний хэмжээ, үүнээс олсон орлого зэрэг асуудлыг Улсын Их Хурал дээр нээлттэй хэлэлцэж, олон нийтэд нэгдсэн ойлголт өгөх зайлшгүй шаардлага үүсээд байна гэлээ.

 

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ, өнөөдөр Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэлэлцсэн. Үнэнийг зөв тогтоохын тулд шаардлагатай бүх байгууллагын төлөөлөл, үүнд хууль, хяналт, хил, гаалийн төлөөллийг байлцуулж, нээлттэй сонсгол хийн, ард иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн байр суурь дээр тогтсон гэв.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын захирамж гарган цэгцлэх нь зүйтэй гэв. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж заасан. Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой. Иймд улс орны эрх ашгийн үүднээс Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан хянан шалгалтын ажлын хэсэг байгуулж байна гээд ажлын хэсгийн гишүүдэд хандан нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж, ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулахыг үүрэг болголоо.

 

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Хилийн боомтын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нар ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах: