Ерөнхий сайд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна

Ерөнхий сайд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Жагсагчдаас 20 орчим шаардлага ирсэн байна. Шаардлагыг нэгтгэж үзэхэд 14 иргэний нийгмийн байгууллагууд, 20 орчим бусад шаардлага байгаа юм. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал байна. Хөгжлийн Банкны өр өнөөдөр ингээд төлөгдөж байна. Чингис бонд ч гэсэн. Энэ бол тухайн үед бидний үр хүүхэд төлнө гэдэг байдлаар бонд босгосон. Гадаад өрийн асуудал Монгол Улсын хөгжлийг боомилсон. Хариуцлага тооцох агуулга дээр амаргүй нөхцөл байдлын тэмцэл хийсэн. Эргээд бодвол Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг Арбитрт өглөө гэдэг асуудлыг энэ танхимаас зарлаж байсан.

Дубайн гэрээ цуцлагдаж, 2.3 тэрбум өр тэглэгдэх түвшинд хүрч чадах болов уу гэдэгт эргэлзэж байсан. Энэ асуудлыг олон нийт маш сайн дэмжиж, бодит үр дүнд хүрсэн. 34 хувийн асуудал бүрэн шийдэгдэж, гүний уурхай ашиглалтад орох гэж байна. 

Эрдэнэтийн 49 хувь гэдэг том асуудал гарч ирсэн. Анхны схемийг миний хувьд задалж ярьж байсан. Тухайн үед онцгой дэгдэм тогтоох шийдвэрийг гаргаж байсан. Эрдэнэтийн 49 хувь холбоотой шүүхийн асуудлыг нүд цавчилгүй харж байгаа. 

Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн асуудал яригдсан. 805 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн. Заримдаа гацаад байдаг асуудал олон нийтийн дэмжлэгээр гацаанаас гардаг.

Саяхан Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Том асуудлууд ихэнх нь цэгцэрч байна" гэлээ. 

12 дугаар сарын 4-ны өдрөөс иргэд төв талбайд жагсаал хийж эхэлсэн бөгөөд өчигдөр жагсагчид хүч хэрэглэж, эд хэрэгсэл эвдэн сүйтгэж, жагсаал хурцадмал байдалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ цахимаар хуралдан, онц байдал тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Түүнлэн хуралдааны өмнө ҮАБЗ-ийн гишүүд уулзсан гэх мэдээлэл буй. Улмаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, УИХ-ыг тараах саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. 

Яг одоо Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Энэ хуралдаанаар Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.